Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 90 дүгээр тушаалаар Шүүхийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах нэгдсэн бодлого, түүнд холбогдох эрх зүйн актын төслийг боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна.

 

Тус ажлын хэсгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж ахалж, бүрэлдэхүүнд газар, нэгжийн удирдлагууд ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2026.05.19) “Мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO 27001:2022 стандарт” сэдэвт танилцуулга, сургалтад хамрагдлаа.

 

Сургалтыг “АйТүүлс” ХХК-ийн зөвлөхүүд удирдан явуулж, мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо, эрсдэлийн үнэлгээ, байгууллагын процесс ажиллагаа, стратегийн бодлого, мэдээллийг хамгаалах аргачлал, стандартыг хэрэгжүүлэх үе шат болон ач холбогдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.

 

Мөн ISO 27001:2022 стандартыг байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхэд анхаарах асуудал, мэдээллийн аюулгүй байдлын эрсдэлийг бууруулах арга зам, олон улсын сайн туршлагын талаар санал солилцов.

 

Шүүхийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлыг олон улсын жишигт нийцүүлэн бэхжүүлэх, боловсронгуй болгох зорилтын хүрээнд зохион байгуулсан тус сургалт нь ажлын хэсгийн үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой арга хэмжээ боллоо.

 

 

 

ЦАХИМ ХӨГЖИЛ, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР