Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д зааснаар тухайн хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, шүүх бүрэлдэхүүнд аливаа этгээдээс нөлөөлөхөөр оролдсон бүх тохиолдлыг тэмдэглэн баталгаажуулж нөлөөллийн мэдүүлэг хөтөлдөг. 

 

Үүний дагуу шүүгч А-аас “шүүгдэгч Д-д холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянах явцад урьд өмнө нь хамт ажиллаж байсан Ц нь шүүгчийн утас руу залгаж “та Д-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ ялыг нь хөнгөрүүлж өгч болох уу гэх мэтээр ярьж нөлөөлөхөөр оролдсон” гэх үйлдэлд, шүүгч Ч-ээс “шүүгдэгч Б-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааны үеэр Н сайтын сэтгүүлч О нь олон нийтэд хэргийн талаар мэдээлэл хүргэхдээ асуудлыг мушгин гуйвуулж, шүүгчийг илт үндэслэлгүйгээр гүтгэсэн” гэх үйлдэлд тус тус нөлөөллийн мэдүүлэг хөтлөн Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлснийг хуралдаанаар хэлэлцэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.5-д зааснаар нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлүүдийг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг эрх бүхий байгууллагад хандан шалгуулахаар шийдвэрлэж шилжүүлсэн.

 

Эрх бүхий байгууллагаас Ц болон О нарын дээрх үйлдлүүдэд зөрчлийн хэрэг нээн, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд тус ажиллагаанд холбогдох хууль, журмын дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн албан хаагч шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан төлөөлж оролцсон.

 

Шүүхээс Ц, О нарт Зөрчлийн тухай хуулийн 15.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан юм.

 

            Тухайн этгээдүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн тул хуулийн хүчин төгөлдөр болсон.

                                                             

 

ШҮҮГЧИЙН ХАРААТ БУС, ШҮҮХИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ГАЗАР