Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын баталсан удирдамжийн хүрээнд 2026 оны 05 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Шүүхийн цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр нар Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймаг болон Хархорин дахь нийт 10 шүүхэд ажиллаж, шүүхийн цахимжилтын туршин нэвтрүүлэлт хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.


Томилолтын бүрэлдэхүүнд Шүүхийн ерөнхий зөвлөл ажлын алба, "Ай Си Ти Групп" ХК, "Эйблсофт" ХХК-ийн инженер, төслийн менежер, бизнес аналист зэрэг нийт 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр дөрвөн чиглэлд ажиллав. Тодруулбал, “Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд иргэний хэргийн туршин нэвтрүүлэлтийн явц, хэрэглээг үзэж, шүүхүүдийн санал, хүсэлт, тулгамдаж буй асуудлыг сонсон, системийн сайжруулалттай холбоотой мэдээллийг нэгтгэн ажиллалаа.

Мөн зөрчлийн хэрэг болон таслан сэргийлэх арга хэмжээг цахимжуулах ажлын хүрээнд аймаг дахь цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудад сургалт зохион байгуулж, зөрчлийн хэргийг цөм системд бүртгэх, хавтаст хэргийг цахим хэлбэрээр шүүхэд шилжүүлэх ажиллагааны талаар практик чиглэлийн мэдээлэл өгч, хамтран ажиллав.


Зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны цахимжилт нь зөвхөн шүүхийн асуудал бус, цагдаа, прокурорын уялдаа холбоо, техник, тоног төхөөрөмжийн бэлэн байдлаас шууд хамаарах цогц үйл явц болохыг талууд онцолж байлаа.



Түүнчлэн шүүхийн захиргааны дотоод удирдлагын ERP системийн хэрэглээ, ашиглалттай танилцаж, өдөр тутмын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг газар дээр нь хэлэлцэн, хэрэглэгчийн саналд үндэслэн сайжруулах шаардлагатай чиглэлүүдийг тодорхойлов.


Мөн Шүүхийн ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологийн асуудал хариуцсан нэгжээс шүүхүүдийн компьютер, техник тоног төхөөрөмж, сүлжээний дэд бүтцийн нөхцөл байдалтай танилцаж, цахимжилтын бодит хэрэгжилтэд нөлөөлж буй хүчин зүйлсийг судаллаа.


Орон нутаг дахь томилолтын үеэр шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнууд, мэдээллийн технологийн инженерүүд буюу өдөр тутмын ачааллыг үүрч ажиллаж буй албан хаагчидтай газар дээр нь тулж ажилласан нь цахимжилтын бодлого, шийдвэрийг бодит нөхцөл байдалтай уялдуулах, цаашдын хөгжүүлэлт, шийдлийг зөв тодорхойлоход чухал ач холбогдолтой байлаа.


Цахим шилжилтийн хүрээнд гарч буй хүндрэл, хэрэглээний бодит нөхцөл, орон нутгийн онцлогийг газар дээр нь үнэлж, хэрэглэгчдийн саналд тулгуурлан шийдэл боловсруулах нь шүүхийн цахимжилтын дараагийн үе шатыг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх үндэс болно гэдгийг томилолтын багийнхан онцоллоо.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ