“Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” /EJAM/ төслийн хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, С.Энхбаатар нар өнөөдөр (2026.05.08) Канад Улсын Ньюфондланд болон Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Катэрин О’Брайн, Шүүгчдийн холбооны Гүйцэтгэх захирал Стефани Локхарт, нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагаа, нээлттэй ил тод байдал, шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөц, шүүхийн цахимжилтын талаар гишүүн Л.Өлзийжаргал, шүүхийн төсөв, хөрөнгө оруулалтын чиглэлээр хийгдэж байгаа бүтээн байгуулалтын томоохон ажлууд, дагнасан шүүх байгуулагдаж байгаатай холбоотойгоор төсөв хэрхэн нэмэгдэж байгаа талаар гишүүн С.Энхбаатар нар танилцуулга хийв.

Канад Улсын Ньюфондланд болон Лабрадор мужийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Катэрин О’Брайн тус улсын шүүхийн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэл, шүүгчид тавигдах шаардлага, шүүгчийн сонгон шалгаруулалт, томилгооны тогтолцоо, шүүгчийн цалин, шүүхийн төсвийн талаар мэдээлэл өглөө.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам, Шүүгчийн хараат бус, шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын дарга Х.Билгүнзаяа болон “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” /EJAM/ төслийн Монгол дахь ахлах ажилтан С.Билгүүн нар оролцов.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР