Монгол Улсын гавьяат хуульч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн асан, Дотоод хэргийн их сургуулийн “Хүндэт профессор”, хууль зүйн ухааны доктор Дорждамбын Зүмбэрэллхам 2026 оны 05 дугаар сарын 01-ний өдөр “Монгол Улсын эрх зүйн тогтолцоо ба эрүүгийн процессын харилцан хамаарал” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг амжилттай хамгааллаа.

 

        “Эрүүгийн процессын эрх зүйн хөгжлийн онолын чиг хандлагыг эрх зүйн тогтолцооны харилцан хамаарал, салбарын хөгжлийн онолын түвшинд цогц судалсан өргөн хүрээтэй, даацтай бүтээл” хэмээн Шинжлэх ухааны академийн Эрдмийн зөвлөл болон Хууль зүйн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдээс өндрөөр үнэлэгдсэн тус эрдмийн ажлын шинжлэх ухааны зөвлөхөөр академич Ж.Амарсанаа ажилласан байна.       

 

 

 

         Мөн Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургуулийн багш, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга асан, хууль зүйн ухааны доктор, дэд профессор Түмэнжаргалын Мэндсайхан 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр “Гэрээний эрх зүйн үндсэн бүтэц ба хэм хэмжээний хөгжил” сэдвээр Хууль зүйн шинжлэх ухааны докторын (Sc.D) зэрэг амжилттай хамгаалсан юм.

 

      Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Хууль зүйн шинжлэх ухааны доктор Дорждамбын Зүмбэрэллхам, Түмэнжаргалын Мэндсайхан нарт халуун баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүслээ.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ