Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан өчигдөр (2026.04.27) Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ч.Номин, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж болон бусад холбогдох албан тушаалтнуудыг хүлээн авч уулзлаа.

 

 

Уулзалтаар шүүх эрх мэдлийн байгууллага хооронд өгөгдөл солилцох үйл явцыг хөнгөвчлөх, цахим баримт, мэдээллийн эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шаардлагатай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг богино хугацаанд боловсруулж өргөн барих чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо. Мөн одоо байгаа системүүдийн уялдаа холбоог сайжруулах, шаардлагатай хөгжүүлэлт, дэд бүтэц, төсвийн хэрэгцээг тодорхойлох, эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажлын хэсэг байгуулав.

 

 

Шүүх эрх мэдлийн байгууллага хоорондын мэдээлэл солилцоог бодитойгоор сайжруулснаар шүүх болон хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагаа илүү үр ашигтай, шуурхай болж, аливаа шийдвэр нь хувь хүний үзэмжээс үл хамааран, тогтолцоонд суурилсан ил тод, жигд хэрэгжих нөхцөл бүрдэнэ.  Үр дүнд нь төрийн үйлчилгээ хүнд суртал багатай, түргэн шуурхай, хүртээмжтэй болж, иргэдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх таатай орчин бүрдэх юм. Өнөөдрийн уулзалтад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мягмарнаран, “И-Монгол Академи” УТҮГ-ын захирал М.Баттулга, “Үндэсний дата төв” УТҮГ-ын захирал Б.Дагвасүмбэрэл болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ