Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал нар өнөөдөр (2026.04.27) Монголын шүүгчдийн холбооны тэргүүн, Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Батбаатар, Гүйцэтгэх захирал Т.Туяа, Удирдах зөвлөлийн гишүүн, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

Монголын шүүгчдийн холбооны тэргүүн Д.Батбаатар Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд, хэд хэдэн асуудлаар хамтын ажиллагааг өргөжүүлэх хүсэлтээ илэрхийлэв. Үүнд: Монголын шүүгчдийн холбооноос зохион байгуулж байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулан сургаж байгаа “Fullbright” хөтөлбөрийн сургагч багшийн зардлыг шийдвэрлэх, шүүгчийн амь насны даатгалын тодорхой хувийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт зарцуулах, Монголын шүүгчдийн холбооны дэргэдэх ахмадын зөвлөлийн гишүүн, ахмад шүүгч нарт тусламж дэмжлэг үзүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх зорилготой Канад-Монголын “Тэгш эрх-Шударга ёсыг хүн бүрд” /EJAM/ төслийн хүрээнд шүүгч хэвлэлийн төлөөлөгч сургалтад хамрагдсан шүүгч нартай хамтарч ажиллах саналыг дэвшүүллээ.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монголын шүүгчдийн холбооны дэвшүүлсэн саналуудыг дэмжиж ажиллахаа илэрхийллээ. Тухайлбал шүүгчдийн ёс зүй хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэдгээ илэрхийлээд, шинээр томилогдож байгаа шүүгч нар хамгийн түрүүнд ахмад шүүгч нартайгаа уулзаж, ёс зүй хариуцлагатай ажиллах талаар тэдний үгийг сонсохоос эхлээд шүүн таслах ажиллагааны ур чадвараа сайжруулах зорилгоор хэргээ хэрхэн яаж ангилах, тэмдэглэл хэрхэн хөтлөх зэрэгт суралцах тогтолцоог Монголын шүүгчдийн холбоо бий болгох саналыг дэвшүүлэв.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал Канад Улсын засгийн газар, Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороо, Шүүхийн академи, Монголын шүүгчдийн холбоо, иргэний нийгмийн байгууллагуудад хэрэгжиж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” /EJAM/ төслийн  хүрээнд олон нийттэй харилцах стратеги төлөвлөгөө боловсруулах ажлын явцын талаар мэдээлэл өглөө. Төслийн хүрээнд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлуудыг үр дүнтэй байлгахад талуудын хамтын ажиллагаа, оролцоо дэмжлэг чухал гэдгийг онцолсон юм.  

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ