Шүүхийн ерөнхий зөвлөл, Европын холбооны санхүүжилтээр IDLO буюу “Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага”-ын хэрэгжүүлж буй “ШҮҮХ ЭРХ МЭДЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА БА ИЛ ТОД БАЙДАЛ 2024-2026” төслийн хүрээнд “Шүүхийн ил тод байдал ба хэвлэл мэдээллийн хамтын ажиллагаа” сэдэвт хамтарсан уулзалтыг (2026.04.24)-нд зохион байгуулав.

Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд уулзалтыг нээж, шүүхийн нээлттэй, ил тод байдлыг хангах, нийгэмд шүүхийн талаар бодит мэдээллийг түгээхэд хэвлэл мэдээллийн байгууллагын хамтын ажиллагаа чухал болохыг онцолсон юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны ахлагч Л.Өлзийжаргал “Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого, үйл ажиллагааны талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бол Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам шүүгчийн сонгон шалгаруулалтын явц, журмын өөрчлөлтийн талаар мэдээлэл хийв.


Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүд шүүхийн мэдээлэл ил тод болж байгаа ч мэдээллээ олон нийтэд ойлгомжтой, хурдан шуурхай хүргэхэд анхаарах, шүүх хуралдааны шууд дамжуулалтын тоног төхөөрөмжөө сайжруулах, шүүгчид шийдвэрийн болон процессын тоймоо энгийн үг хэллэгээр бичих, олны анхаарал татсан хэргийн талаар албан бус мэдээлэл түгэхээс сэргийлж, цаг алдалгүй тайлбар мэдээлэл гаргадаг байх, шүүхийн шийдвэрийг цахим санд ойлгомжтой байдлаар бүрэн байршуулах зэрэг асуудлуудыг дэвшүүлж, саналаа хэллээ.



Шүүхийн талаар мэдээ сурвалжилга бэлтгэхэд хэвлэл мэдээллийн байгууллагад тулгарч буй асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр холбогдох журмуудад өөрчлөлт оруулахад сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулж, мэдээ мэдээллийг шуурхай өгөх чиглэлээр хамтарч ажиллахаар тогтов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ