“Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар 2026 оны 04 дүгээр сарын 21–24-ний өдрүүдэд Монгол Улсад ажиллав.
Тэд төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын шүүгчийн ажил мэргэжлийн замналын тогтолцоонд үнэлгээ хийж, Европын Холбооны гишүүн орнууд, тэр дундаа ХБНГУ-ын туршлагаас хуваалцан, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмж боловсруулах зорилготой ажилласан бөгөөд 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдэд эхний санал, дүгнэлтээ танилцууллаа.

Танилцуулгын үеэр зөвлөхүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд стратеги, захиргааны чиг үүргээс гадна шүүгчийн сонгон шалгаруулалтад ихээхэн цаг хугацаа зарцуулж, шалгалтын үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог нь ачааллыг нэмэгдүүлж байгааг онцлон тэмдэглэв. Үүнтэй холбоотойгоор сонгон шалгаруулалтын тогтолцоо, процесст өөрчлөлт оруулах шаардлагатай гэж үзэж, дараах чиглэлээр санал, зөвлөмж дэвшүүлэв.
Тухайлбал, Эрүү болон Иргэний хэргийн шүүхийн шүүгчийн шалгалтад тухайн чиглэлээр мэргэшсэн гишүүдийг томилох, шалгалтын материалыг хуваан үнэлэх, дүгнэлтийн үндэслэлийг шалгалтын дараа танилцуулах, нэр дэвшигчдийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлэхгүй байх, сонгон шалгаруулалтад оролцогчийн хувийн ур чадварыг илүү нарийвчлан үнэлэх шаардлагатайг дурдав. Мөн шүүгчийг туршилтын хугацаагаар томилж, энэ хугацаанд туршлагатай шүүгчээр зөвлүүлэх, Ерөнхий шүүгчээс ажлын гүйцэтгэлийг үнэлэх тогтолцоог нэвтрүүлэх боломжийг санал болгож, харилцан мэдээлэл солилцов.
Зөвлөхүүд дээрх зөвлөмжийг дэлгэрэнгүй тайлан хэлбэрээр бичгээр хүргүүлэх бөгөөд богино хугацаанд хэрэгжүүлэх боломжтой өөрчлөлтүүд болон хууль, эрх зүйн хүрээнд шийдвэрлэх суурь асуудлуудыг тусгана гэдгээ илэрхийллээ. Мөн Улсын дээд шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын бичгийн шалгалтын даалгавар, шалгууруудыг тусган ажиллахаа хэллээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа төслийн багт талархал илэрхийлж, шүүх эрх мэдлийн байгууллагын хүний нөөц, шүүгчийн шатлан дэвших тогтолцоог сайжруулахад чиглэсэн эдгээр зөвлөмжийн хүрээнд бодит ахиц гарган, хамтын ажиллагааг цаашид улам бэхжүүлж үргэлжлүүлэн ажиллахаа онцлон тэмдэглэв.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон холбогдох мэргэжилтнүүд оролцов.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ