Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, Х.Эрдэм-Ундрах, Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам нар өнөөдөр (2026.04.21) Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки болон богино хугацааны зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нартай уулзалт хийлээ.
Богино хугацааны зөвлөхүүд “Твиннинг” төслийн хоёрдугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Монгол Улсын шүүгчийн ажил мэргэжлийн замналын тогтолцоонд үнэлгээ хийх, Европын Холбооны гишүүн орнууд, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын шүүгчийн карьерын тогтолцоо, туршлагаас хуваалцах, цаашид хэрэгжүүлэх санал, зөвлөмж, шийдэл боловсруулах зорилгоор Монгол Улсад ажиллаж байна.

Уулзалтын үеэр зөвлөх Карл-Хаинц Волески, Гудрун Шеперс нар Герман Улсын бүсийн шүүхийн тогтолцоо, бүтэц, үйл ажиллагаа, шүүгч болох үе шат, шалгуур нөхцөл, улсын нэгдүгээр болон хоёрдугаар шалгалтын тогтолцоо, шүүгчийг сонгон шалгаруулах хорооны бүтэц, шүүхийн тэргүүлэгчдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, ерөнхий шүүгчийн чиг үүрэг, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээ болон туршилтын хугацааны талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах Монгол Улсын эрх зүйч бэлтгэх боловсролын тогтолцоо, хуульчийн мэргэжлийн шалгалт, мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх нөхцөл, шүүгчээр томилогдоход тавигдах хууль зүйн болон мэргэжлийн шаардлага, шүүгчийн сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл танилцууллаа.

Талууд Монгол болон Герман улсын хуульчийн мэргэжлийн шалгалт, ур чадвар, стандартыг тодорхойлох арга зүй, шүүгчийн карьерын үе шат, сонгон шалгаруулалтын систем, хэрэг хуваарилалт, шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны үнэлгээг тогтоох шалгуур зэрэг асуудлаар харилцан мэдээлэл солилцов.

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ