Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд 2026 оны 04 дүгээр сарын 13-20-ны өдрүүдэд Баянхонгор, Булган, Говь-Алтай, Говь-Сүмбэр, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Сүхбаатар, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Ховд аймгийн Булган сум дахь шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаатай танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал бодол, тулгамдаж байгаа асуудлыг сонсож, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа, бодлогыг танилцууллаа.




Орон нутагт шүүхүүдэд хүлээн авч, шийдвэрлэж байгаа хэрэг маргаан, нэхэмжлэлийн тоо жилээс жилд өсөж байгаатай холбоотойгоор шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын ажлын ачааллыг зохист ачаалалтай харьцуулбал 50-80 хувийн ачаалалтай ажиллаж байна.

.jpg)
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдийн очиж ажилласан орон нутгийн 13 шүүх, шүүхийн Тамгын газрын дийлэнх нь зориулалтын бус, 40-50 жилийн насжилттай ашиглалтын шаардлага хангахгүй байранд иргэдэд шүүхийн үйлчилгээ үзүүлж байгаа юм.


Шүүгч, ажилтнуудын эдийн засаг, нийгмийн баталгааг бодитой хангах, орон нутагт томилогдон ажиллаж байгаа шүүгч нар ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцанд амьдарч байгааг харгалзан амьдрах нөхцөлийг сайжруулахад анхаарах, ажлын ачааллыг тэнцвэржүүлэх, орон тоог нэмэгдүүлэх, шүүгчийн хараат бус байдлыг хамгаалах чиг үүрэгт анхаарч ажиллах, гадаад сургалтад хамруулах, шүүхэд гаргаж байгаа хэрэг маргаан, нэхэмжлэлийн тооноос шалтгаалж бичиг хэргийн тоо хэмжээ нэмэгдсэн ч зардлын үнэ өсөж, төсөв буурсан нь шүүхийн хэвийн үйл ажиллагаанд хүндрэл үүсгэж байгааг шийдвэрлэх, шүүх хуралдааны танхимыг дүрс бичлэгийн тоног төхөөрөмжөөр хангах, шүүхүүдийн автомашины парк шинэчлэлд анхаарч, төсөв хөрөнгө тусгах, шүүхийн байрны их засвар, өргөтгөлийн төсөв хөрөнгийг шийдвэрлэж өгөхийг шүүхүүд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдээс хүслээ.





Орон нутгийн шүүх, шүүхийн Тамгын газруудаас гаргасан санал хүсэлтийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, холбогдох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.






ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ