Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн цахимжилтын төв, “Ай Си Ти Групп” ХК, "Эйбл софт" ХХК-ийн хөгжүүлэлтийн багийн төлөөллүүд 41 шүүхийн Тамгын газрын Цахим шүүх 2.0-ийн "Шүүхийн захиргааны үйл ажиллагааны систем (ERP)"-ийн хэрэглээ, ашиглалт, ERP системийн 33 модулийн ерөнхий танилцуулга болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны төлөвлөгөөний хэрэгжилтийн явцыг танилцууллаа. Зөвлөлийн гишүүд цаашид анхаарах асуудлууд болон хэрэглээ ашиглалтыг идэвхжүүлэх талаар хэлэлцэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор “Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журам”-ын 5.4.3-т “нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус шинжээчийг оролцуулж болно” гэсэн зохицуулалт нэмж тусгагдсан. Үүний дагуу 2026 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэх хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтад шинжээч оролцуулах эсэх асуудлыг хэлэлцэж, “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-ын 10.12-т заасны дагуу нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд шинжээч оролцуулах шаардлага үүссэн тохиолдолд уг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр тогтов.
Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхийн шүүгчид нэр дэвшигчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын төрөл, журмын зүйл, заалт өөрчлөгдсөн, мөн нэр дэвшигчийн гүйцэтгэлийг үнэлэх ажиллагаанд хөндлөнгийн, хараат бус шинжээч оролцуулах зохицуулалттай холбогдуулан шинжээчийн ажлын хөлсний жишиг хэмжээг шинэчлэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн тогтоолоор баталлаа.
Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчийн албан тушаалын чиг үүрэг, тодорхойлолт, орон тооны талаар бэлтгэл ажлын хүрээнд санал танилцуулав.
Эрүүл мэндийн шалтгаанаар чөлөө авах тухай хүсэлт шүүгчээс ирүүлснийг хэлэлцэж, 3 сарын хугацаатай чөлөө олгож шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ