Европын холбооны санхүүжилттэй “Монгол Улсын шүүхийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн богино хугацааны зөвлөхүүд Монгол Улсын эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, сургалтын орчныг судлан шинжилж, цаашдын хөгжилд чиглэсэн техник, арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
Энэ хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Х.Эрдэм-Ундрах, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Монголын Хуульчдын болон Өмгөөлөгчдийн холбооны Эвлэрүүлэн зуучлалын хорооны төлөөлөл, Нийслэлийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, богино хугацааны зөвлөх, Нийгмийн хамгааллын хэргийн шүүхийн шүүгч Пeтер Брандлe, Бүсийн давж заалдах шатны шүүхийн Танхимын тэргүүн Мириям Грусс нартай уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулав.



Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах хэлэлцүүлгийг нээж, төслийн богино хугацааны зөвлөхүүдийг танилцуулан, уулзалтын зорилго, ач холбогдол болон эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог боловсронгуй болгоход олон улсын туршлага нэвтрүүлэх талаар мэдээлэл өглөө.
Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Б.Энх-Эрдэнэ Монгол Улсын шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны өнөөгийн нөхцөл байдал, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн агуулга, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний талаар дэлгэрэнгүй танилцуулга хийв.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд иргэний хэргийн анхан шатны 34 шүүхэд 46 эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байгааг дурдаад, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш нийт 207,001 өргөдөл хүлээн авснаас 150,365 өргөдөлд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, 101,216 тохиолдолд эвлэрлийн гэрээ байгуулсан талаар тэрбээр мэдээллээ.
Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу 26,974 өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, 14,401 өргөдлийг өргөдөл гаргагчид буцаан авсан нь эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээ шүүхийн маргааныг харьцангуй богино хугацаанд, харилцан зөвшилцлийн үндсэн дээр шийдвэрлэхэд бодит үр дүн үзүүлж байгааг илэрхийлэв.

Богино хугацааны зөвлөхүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эвлэрүүлэн зуучлал, шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх тогтолцоо, эрх зүйн зохицуулалт, сургалтын туршлага, практикт хэрэглэж буй арга зүй болон үйл ажиллагааны үндсэн чиглэлүүдийн талаар танилцуулга хийлээ.

Монгол Улс болон Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын эвлэрүүлэн зуучлалын тогтолцоо, хэрэгжилтийн талаарх мэдээллийн дараа оролцогчид асуулт, хариулт өрнүүлж, эвлэрүүлэн зуучлалын тогтолцоог цаашид боловсронгуй болгох, сургалтын агуулгыг илүү практик жишээнд суурилсан аргачлалаар хөгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.





МЭДЭЭЛЛИЙН ТӨВ