Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар 2026 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцав.


Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлогын цөм, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагаа, шүүхүүдэд тулгамдаж буй нийтлэг асуудлуудыг шат дараатай шийдвэрлэх, Шүүхийн хүний нөөц, төсөв, эдийн засгийн баталгаа, шүүхийн барилга, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид шүүх хуралдааны нарийн бичгийн даргын ачаалал их, шүүгчийн туслах болон үйлчлэгчийн орон тоо дутуу, хяналтын камер дутагдалтай, шүүхийн байранд сантехникийн болон цахилгааны доголдол ойрхон давтамжтай гардаг зэрэг тулгамдсан асуудлыг дэвшүүлж, шүүх хуралдааны танхимын тоног төхөөрөмж болон цахилгааны нөөц үүсгүүрээр хангах, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөх хугацааг сунгах, шүүгчийн хараат бус байдалд дүн шинжилгээ хийх, шүүх хуралдаанд хариуцагч ирэхгүй байгаа тохиолдолд шүүх шийдвэрээ гаргадаг болох, хуралдаан даргалагчийн болон бүрэлдэхүүний ачааллыг тооцох, шүүгчийн эрүүл мэндийн даатгалын нөхцөлийг сайжруулах зэрэг асуудлаар саналаа илэрхийлэв.





Шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд ажлын ачаалал өндөр байгаагаас мэргэжлээ дээшлүүлэх боломж гардаггүй, шүүхийн захиргааны гадаад болон дотоод сургалтуудад хамруулах, удирдлагын академид суралцах квотыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр саналаа хэллээ.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд дэвшүүлсэн асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээ, үйл ажиллагааны талаар хариу мэдээлэл өгч, шүүхийн захиргааны ажилтны орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч, тус шүүхийн шүүх хуралдааны 2 танхимыг тоног төхөөрөмжөөр хангаж, агааржуулалтын асуудлыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ