Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Захиргаа удирдлагын газрын ахлах шинжээч Б.Золзаяа, Хэргийн хөдөлгөөний удирдлага, статистикийн газрын ахлах шинжээч Ч.Оч нар 2026 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.



Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 онд 3688 хэрэг хүлээн авч, 2850 хэргийг хянан шийдвэрлэж, 291 эрүүгийн хэргийг прокурорт буцаажээ. Шүүгчид зохист ачааллаас 42 хувийн илүү ачаалалтай ажиллаж байгааг мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо хангалтгүй зэрэг тулгамдсан асуудлуудыг дэвшүүлж, хорихоос өөр төрлийн ялаар шийтгүүлсэн ялтны ял завших, ялын биелэлтийг хэрэгжүүлэх үүднээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэргийн хөдөлгөөний чиглэлээр аргачлалд өөрчлөлт орсон тохиолдолд шүүхийн байгууллагатай хамтран ажилладаг прокурорын байгууллагад танилцуулга хийх, мэдээллээр хангах, Шүүхийн ерөнхий зөвлөлд орон тооны орчуулагч, дохионы хэлний хэлмэрч ажиллуулах зэрэг асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.



Шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд ажлын ачаалал өндөр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоог нэмэгдүүлэх, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй учир хурал хүлээгддэг, орчин нөхцөл тааруу, шүүгчдийн туслахуудын өрөө тасалгаа жижиг, авто машины зогсоол хүрэлцээгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үйлчлэх орчин хязгаарлагдмал, насанд хүрээгүй хохирогчийг гэмт этгээдтэй хамт хуралд оролцуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдааны тоног төхөөрөмжийг шинэчлэх, шүүгдэгчийг өмгөөлөгчийн хамтаар сууж шүүх хуралдаанд оролцох боломжоор хангах, цахилгааны нөөц үүсгүүр, тог баригч зэрэг тоног төхөөрөмж олгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны нийгмийн хамгааллын баталгааг сайжруулж, шүүхийн захиргааны хүний нөөцийг тогтвор суурьшилтай сэтгэл ханамжтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэх, шүүгч, ажилтныг жил бүр эрүүл мэндийн багц үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах, шүүхийн байгууллагад зургаа ба түүнээс дээш үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа тохиолдолд анх удаа орон сууц авах, орон сууцны нөхцөлөө сайжруулах амины орон сууц барих, төрийн албаны тусгай шалгалтыг улирал бүр зохион байгуулж, сул орон тоог нөхөх, шүүхийн Тамгын газрын албан хаагчдыг албан тушаалд нь мэргэшүүлэх гадаад, дотоодын сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлэх зэрэг асуудлыг дэвшүүлж, саналаа хэллээ.





Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд шүүхүүдэд тулгарч буй тулгамдсан нийтлэг асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар мэдээлэл өгч, хүний нөөцийн бодлого, ачаалал тооцох аргачлал, шүүхийн барилга байгууламж, төсөв санхүү, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн үйлчилгээг сайжруулах зэрэг асуудлыг цогцоор нь харж, үе шаттай шийдвэрлэхээ илэрхийлэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ