Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөл нь шүүхийн тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн чадварыг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой.
“Твиннинг” төсөл нь 2025 оны 04 дүгээр сараас эхлэн нийт 18 сарын хугацаанд хэрэгжих бөгөөд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас мэргэжлийн экспертүүд томилон ажиллуулж, дүн шинжилгээ хийж, стратегийн түвшинд зөвлөн туслах зэрэг олон талт хамтын ажиллагааг хөгжүүлж байна.

Төслийн хүрээнд 2026 оны 03 дугаар сард шүүхийн хүний нөөцийн удирдлага, шүүхийн цахимжилтыг эрчимжүүлэх чиглэлээр Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас экспертүүд ирж ажиллана. Мөн ирэх 4,5 дугаар саруудад ирэх экспертүүд болон төслийн хүрээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг өнөөдрийн хурлаар ярилцлаа.
Өнөөдрийн хуралд Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Шүүхийн академийн захирал Д.Эрдэнэчимэг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах, Шүүхийн Сахилгын хорооны гишүүн Б.Сугар, Европын холбооны төлөөлөгчийн газрын Хамтын ажиллагааны газрын дарга Адриен Моург, Герман талын төслийн удирдагч Андреас Штюве, Төслийн байнгын зөвлөх Кристоф Копецки, Хөтөлбөрийн менежер Арно Апприу, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын суурин төлөөлөгч Чарльз Болланд нар оролцов.

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ