Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн яамнаас хэрэгжүүлдэг Техник, эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөр (ITEC)-ийн хүрээнд Жодпурын Үндэсний Хууль Зүйн Их Сургуулиас “Хүний эрхийн өнцгөөс хүүхдийн эрхийг судлах нь” сэдэвт олон улсын тусгай сургалтыг 2026 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 02 дугаар сарын 07-ны өдрүүдэд Энэтхэг Улсад амжилттай зохион байгууллаа.

 

Энэхүү хөтөлбөрт 11 улсын (Казахстан, Вьетнам, Эсватини, Монгол, Гана, Сири, Узбекистан, Фижи, Этиоп, Тунис, Молдова ) хүүхдийн эрхийн чиглэлийн мэргэжилтнүүд, хууль тогтоох, шүүхийн байгууллага, хүүхдийн эрхийн хамгааллын ажилтнууд хамрагдаж, тус тусын орны онцлог, нийгмийн ялгаа, хууль эрх зүйн зохицуулалтын талаар харилцан мэдээлэл солилцов.

 

Тус сургалтад Монгол Улсаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Ч.Баянжаргал, Л.Өлзийжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Цахим хөгжил, мэдээллийн технологийн удирдлагын газрын ахлах референт Г.Мөнхбаяр, Сургалт, судалгааны төвийн сэтгэл зүйч-судлаач Т.Энхгэрэл, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга Б.Батцэцэг нар оролцов.

 

Энэхүү сургалтаар хүний эрхийн үндсэн зарчим, Хүүхдийн эрхийн тухай НҮБ-ын Конвенц (UNCRC)-ийн үндсэн зарчмуудыг дижитал орчин дахь хамгаалалт, тээгч эхийн зохицуулалт, бизнесийн үйл ажиллагаа, боловсрол эзэмших эрх, хүүхдийн хөдөлмөр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, эрт гэрлэлтээс хамгаалах, жендэрт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүүхдэд үзүүлэх тусламж хамгаалалт, зөрчилдөөнтэй бүс нутагт амьдарч буй хүүхдийн эрх, дайн мөргөлдөөн цагаачлалын нөлөөлөлд өртсөн хүүхдийн эрх, тусгай хамгаалалт зэрэг сэдвийн хүрээнд бодит жишээн дээр хэлэлцүүллээ.

 

Сургалтад нэр хүнд бүхий судлаач, багш, салбарын шинжээчид оролцож, олон улсын шилдэг туршлага, бодит кейсүүдэд тулгуурлан хүүхдийг зөвхөн хамгаалах объект төдийгүй бие даасан эрх эдлэгч хэмээн хүлээн зөвшөөрөх хандлагыг онцгойлон тодотгож, шүүхийн шийдвэр гаргахдаа хүүхдийн сайн сайхны төлөө зарчмыг нэн тэргүүнд тавихыг дурдаж байлаа. Сургалтын хүрээнд Ражастан мужийн Дээд шүүхэд зочилж, Бүгд Найрамдах Энэтхэг улсын хууль зүйн тогтолцоо, шүүхийн үйл ажиллагаа болон хүүхдийн түр саатуулах байрны нөхцөл байдалтай танилцлаа.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ