Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах нар 2026 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын Орлогч дарга Со Хён Жэ тэргүүтэй албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, үндсэн чиг үүрэг, бодлого, үйл ажиллагаа, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүн таслах ажиллагааны талаар мэдээлэл өгч, цаашид шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудыг бэлтгэх сургалт, шүүхийн цахимжилтын хүрээнд хамтран ажиллах саналаа илэрхийллээ.

 

 

 

 

Бүгд Найрамдах Солонгос Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KОЙКА)-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын орлогч дарга Со Хён Жэ Монгол Улсын шүүхийн байгууллагатай хамтран 2025 онд хэрэгжүүлсэн сургалт үр дүнтэй болж өнгөрснийг онцолж, шүүгчдэд хийхээр төлөвлөж буй дараагийн сургалтын агуулга, цар хүрээг өргөжүүлж, сургалтад шүүхийн захиргааны ажилтнуудыг хамруулах асуудлыг судлахаа мэдэгдэв.

Уулзалтаар талууд Монгол, Бүгд Найрамдах Солонгос Улсын шүүхийн тогтолцоо, цахимжилт, мэргэшүүлэх сургалт, Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (KОЙКА)-д төслийн саналаа өгөх боломж нөхцөлийн талаар ярилцаж, харилцан санал солилцлоо.

 

 

 

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа Бүгд Найрамдах Солонгос Улсын хамтын ажиллагааны байгууллага (KОЙКА)-ын төслийн менежер Паг Хаын, ажилтан Д.Түвшинсайхан нар оролцов.

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ