Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа уулзалтын эхэнд шүүхийн төсөв, хүний нөөц, шүүхийн барилга байгууламж чиглэлүүдээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаар мэдээлэл өгөв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Г.Даваадорж шүүгчдэд шүүхийн цахимжилтын хүрээнд хийж хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, системийн тохиргоо, нэвтрүүлэлтийн талаар мэдээлэл өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах шүүхийн захиргааны ажилтнуудад “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ыг танилцуулав.

 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 онд 25544 хэрэг хүлээн авч, 14646 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж, 1 шүүгчид 78-203 хэрэг маргаан хуваарилагдаж, ачаалалтай ажиллаж байгааг мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо хангалтгүй, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй бөгөөд агааржуулалт байхгүй, шүүхийн байрны орчин нөхцөл муу, шүүхээс хэрэгт дахин шинжилгээ хийлгэх үед шинжээчийн зардал байхгүй зэрэг тулгамдсан асуудлуудыг дэвшүүлж, ачаалал тооцох аргачлалд өөрчлөлт оруулах, нөлөөллийн мэдүүлэг хөтөлсөн шүүгч нарын эцсийн үр дүнг судлах, Төрийн мэдээлэл солилцооны Хур болон Дан системийг шүүхийн цахим системтэй холбох, шинжилгээний байгууллагын жагсаалт гаргаж өгөх, шүүгчдийг нарийн үзлэг оношилгоонд хамруулах асуудлаар санал хүсэлтээ илэрхийлэв.

 

 

Шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд мөн ажлын ачаалал өндөр, эвлэрүүлэн зуучлалын болон сэтгэл зүйн зөвлөгөө өгөх үед гэр бүлийн эмзэг нарийн асуудлаа ярьж буй үйлчлүүлэгчтэй ярилцах өрөө тасалгаа байхгүй, шүүх хуралдааны шууд бичлэгийн тоног төхөөрөмжийг сайжруулах, zoom эрх нэмж олгох, компьютер, техник тоног төхөөрөмж болон серверийн багтаамжийг дүүргэж буй олон жилийн өмнөх чанарын шаардлага хангахгүй бичлэгүүдийг устгах, архивын нягтруулсан шүүгээгээр хангах, ажил нэмж буй ач холбогдолгүй системүүдийн ажиллагааг зогсоох, бүртгэл баталгаажуулалтын хугацааг сунгах талаар саналаа хэллээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүд тус шүүхийн ажлын байрны нөхцөл, шүүн таслах ажиллагаанд нөлөөлж буй тулгамдсан асуудлыг ийнхүү харилцан ярилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөл захиргааны ажилтны орон тоог нөхөх асуудалд онцгойлон анхаарч, техникийн нөхцөлийг хангах, шүүхүүдэд тулгарч буй нийтлэг асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээ мэдэгдлээ.

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ