Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, Х.Эрдэм-Ундрах нар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Шлесвиг-Холштэйн мужийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн бөгөөд Лүбек хотын анхан шатны шүүхийн шүүгч, Танхимын дарга Др. Марк Петит, мөн тус улсын Мюнхен хотын Дээд мужийн шүүхийн шүүгч, Мэдээллийн албаны дарга Др. Лоран Лафлёр, Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Кофецки нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа Монгол Улсын шүүхийн тогтолцоо, Ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, шүүхийн хүний нөөц, хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаарх мэдээлэл өгөв.

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас хүрэлцэн ирсэн Шлесвиг-Холштэйн мужийн Үндсэн хуулийн шүүхийн гишүүн бөгөөд Лүбек хотын анхан шатны шүүхийн шүүгч, Танхимын дарга Др. Марк Петит, мөн тус улсын Мюнхен хотын Дээд мужийн шүүхийн шүүгч, Мэдээллийн албаны дарга Др. Лоран Лафлёр нар өөрийн орны шүүх хэвлэл мэдээлэлтэй хэрхэн хамтран ажилладаг туршлага болон шүүх сошиал медиаг хэрхэн ашигладаг талаарх туршлагаа хуваалцсан юм.


Европын Холбооны санхүүжилттэйгээр Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO) болон Хосолмол түншлэлийн “Твиннинг” төсөл хамтран “Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024–2026) төслийн хүрээнд “Шүүх хэвлэл мэдээлэлтэй харилцах нь” сэдэвт сургалтыг 2026 оны 02 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академи дээр нийслэл, орон нутгийн шүүхийн Ерөнхий шүүгч, шүүхийн Тамгын газрын Олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгуулсан юм.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ