Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа нар 2026 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчид болон шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүхийн төсөв, хүний нөөц, шүүгчийн сонгон шалгаруулалт, шүүхийн барилга байгууламжийн чиглэлээр хийж хэрэгжүүлж буй ажил, цаашид авч хэрэгжүүлэх бодлого арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Х.Эрдэм-Ундрах шүүхийн захиргааны ажилтнуудад 2025 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 40 дүгээр тогтоолоор баталсан “Шүүхийн үйлчилгээний стандарт”-ыг танилцуулж, мэдээлэл хийлээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 онд 22937 хэрэг хүлээн авч, 13761 хэрэг маргааныг хянан шийдвэрлэж ажилласан бөгөөд ажлын ачаалал зохист ачааллаас өндөр байгааг, мөн шүүх хуралдааны нарийн бичгийн даргын орон тоо хангалтгүй, шүүх хуралдааны танхим хүрэлцээгүй, сэлгэн ажиллуулах эрх зүйн зохицуулалтыг уян хатан болгох, шүүгчийн даатгалын гэрээний нөхцөлийг сайжруулах, шүүгчийн хараат бус байдалд халдаж буй асуудлыг шийдвэрлэхэд анхаарах зэрэг асуудлыг хөндөв.


Шүүхийн захиргааны ажилтнуудын хувьд мөн ажлын ачаалал өндөр, хариуцагчийн хаяг олддоггүй, нэхэмжлэгчийн баримт бичгийн бүрдэл дутуу ирдэг, техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх, шуудангийн системийг шүүхийн цахим системтэй уялдуулж, хялбар болгох талаар саналаа илэрхийлж байсан юм.
Тус шүүхийн ажлын байрны нөхцөл, шүүн таслах ажиллагаанд нөлөөлж буй тулгамдсан асуудлыг ийнхүү харилцан ярилцаж, Шүүхийн ерөнхий зөвлөл захиргааны ажилтны орон тоог нөхөх асуудалд онцгойлон анхаарч, техникийн нөхцөлийг хангах, шүүхүүдэд тулгарч буй нийтлэг асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээ мэдэгдлээ.


МЭДЭЭЛЛИЙН ТӨВ