Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Г.Даваадорж, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга нар өнөөдөр (2026.02.04) Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат тэргүүтэй албаны төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа.

Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн хүлээн авч, уулзаж буй явдалд талархал илэрхийлж, шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоог сайжруулж, нийт хуульчдын дундаас чадварлаг хуульчийг шилж сонгох, судалгаагаар хуульч болон шүүгчдийн стресст өртөх байдал бусад салбарын ажил мэргэжлээс 30 хувиар илүү байгаа тул цаашид мэргэжил, ёс зүйн сургалтыг хамтран зохион байгуулах, цахим шилжилт, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх чиглэлээр хамтарч ажиллах хүсэлтээ илэрхийлэв.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа шүүгчийг сонгон шалгаруулах журамд өөрчлөлт оруулж байгаа бөгөөд журмын төсөл болон сонгон шалгаруулалтын үнэлгээнд шинжээчийг хэрхэн оролцуулах тал дээр Хуульчдын холбоо саналаа өгч, их, дээд сургуулиудын сургалтын чанарыг дээшлүүлэх, Хуульчдын холбоо гаргаж буй дүгнэлтдээ тухайн хуульчийн амьдралын түүх, хичээл зүтгэлд тулгуурлан үнэлгээ хийж, оруулдаг болох, хамтарч ажиллах чиглэлүүдийн хүрээнд ажлын хэсэг байгуулж ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

Уулзалтаар талууд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хуульч, прокурор, өмгөөлөгч, шүүгч нарын сургалтыг уялдуулах, сургалтын хөтөлбөрүүдийг нарийвчлах, хуульчийн мэргэжлийн шалгалттай шүүгчийн сонгон шалгаруулалтыг давхцуулахгүй байх, оюутнуудыг шүүхэд дадлага хийлгэж, шүүхийн хөтчөөр ажиллуулах, цахим системийн мэдээлэл солилцооны интеграци хийж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, хамтран ажиллахаар тогтов.

Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Шүүгчийн сонгон шалгаруулалт, хүний нөөцийн газрын дарга Т.Сосорбарам, Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, референт Э.Батцэнгэл, Монголын Хуульчдын холбооны Тамгын газрын дарга Ш.Жолбарс, Гадаад харилцааны зөвлөх Ц.Одонжав нар оролцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ