Шүүхийн ерөнхий зөвлөл өнөөдөр (2026.01.30) “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн”-ийг зохион байгууллаа. Зөвлөгөөнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд, анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга нар, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны нэгжийн удирдлагууд оролцов.
Зөвлөгөөнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа нээж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ бүрэлдэхүүн ажлын гарааны эхний жилд шүүхийн хүний нөөц, цахимжилт, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх чиглэлийн ажлуудыг хийж хэрэгжүүлэх талаар дурдан, Шүүхийн ерөнхий зөвлөл хүний нөөцийн зохистой бодлогыг хэрэгжүүлж, шүүхийн эдийн засгийн баталгаа, хэвийн үйл ажиллагааг хангах нөхцөлийг бүрдүүлэх, төсвийн хэмжээг хуульд заасны дагуу улсын төсвийн 2 хувьд хүргэх, шүүхийн үйлчилгээний стандартыг мөрдүүлж, мэдээллийн нээлттэй, ил тод байдал, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх чиглэлийг бодлогынхоо цөм болгон хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.
Мөн шүүхийн Тамгын газруудын ажлыг дүгнэхэд шүүхүүдийн 26 хувь нь ажлаа хугацаандаа хэрэгжүүлдэггүй, ажлын зохион байгуулалт муу, хэргийн бүртгэл хангалтгүй зэрэг шалтгаанаар ажил сайжруулах шаардлагатай гэсэн үнэлгээтэй гарсан тул 2026 оныг хариуцлагын жил болгож, хийж хэрэгжүүлэх ажил, хүлээх үүрэг хариуцлагыг тодорхой болгож, шүүхийг үнэлэх шалгуур үзүүлэлтэд өөрчлөлт оруулж ажиллахыг мэдэгдэв. Түүнчлэн шүүхийн Тамгын газрын удирдлагууд ажил сайжруулах болон хэрэг маргааны гаралт, түүний шалтгаан нөхцөл зэргийг судлах ажлыг зохион байгуулж, тусгай төлөвлөгөө боловсруулж, алсын хараатай манлайлал үзүүлэн ажиллахыг хүслээ.


Шүүхийн ерөнхий зөвлөл шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүхийг хүний нөөцөөр хангах, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах, мэдээллээр хангах 5 чиг үүргийн хороотойгоор бодлого, үйл ажиллагаагаа хэрэгжүүлж байгаа бөгөөд чиг үүргийн хороодын ахлагч болон гишүүд хорооны үйл ажиллагаагаа танилцуулав.

Шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийн хорооны ахлагч Д.Даваадорж:
Шүүхийн цахим шинэчлэлийн түвшинг нэмэгдүүлж, мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журмыг батлах, шүүхүүдийг дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр хангах, шүүхийн дата төвийн хүчин чадлыг сайжруулах ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн зэрэгцээ 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн 59 шүүхийн хэмжээнд цахим системийн туршин нэвтрүүлэлт эхлэх талаар мэдээлэл өгөв.

Шүүхийг хүний нөөцөөр хангах чиг үүргийн хорооны ахлагч Х.Эрдэм-Ундрах:
Шүүх байгуулах тухай тусгай хуульд нийцүүлэн 2021-2025 онд 278 шүүгчийг, шилжүүлэн томилох журмын дагуу 11 шүүгчийг шилжүүлэн томилж, шүүгчийн цалин, нэмэгдлийн хэмжээг шинэчлэн тогтоож, шүүхийн захиргааны ажилтны сургалтуудыг зохион байгуулж ажилласан талаар мэдээлэл өгөв. Цаашид сургалтын чанарт онцгой анхаарч, хүний нөөцийн бодлогыг боловсронгуй болгож, шүүгчийн сонгон шалгаруулалтын үр нөлөөг дээшлүүлж, цахимжилтыг нэмэгдүүлж, орон сууцны хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж ажиллахаа илэрхийлэв.

Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хорооны ахлагч М.Мөнхдаваа
Нөлөөллийн мэдүүлэг, тэмдэглэл үйлдэх, шийдвэрлэх журамд нэмэлт, өөрчлөлт оруулж, шүүгчийн хараат бус байдлын түвшнийг үнэлэх аргачлалыг боловсруулан, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хүрээнд Авлигатай тэмцэх газартай хамтран ажиллаж, шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангаж, сахилгын зөрчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг бодлого, арга хэмжээг хэрэгжүүлэх талаар мэдээлэл өгөв.

Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах чиг үүргийн хорооны ахлагч С.Энхбаатар:
Шүүхийн төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, барилга байгууламжийн ажлыг эрчимжүүлэх, шүүхийн санхүүгийн тогтвортой байдлыг хангах чиглэлийн хүрээнд тус хорооноос 2026 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлаа танилцуулав.
.jpg)
Мэдээллээр хангах чиг үүргийн хорооны гишүүн О.Жанчивнямбуу:
Шүүхийн нээлттэй, ил тод байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлж, хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлж, шүүхийн Тамгын газруудтай хийх “Мэдээллийн цаг”-ийг хэвшүүлж, шүүхийн үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх хэрэглэгчийн үнэлгээний судалгааны тогтолцоог бий болгож, шүүхийн үйл ажиллагаанд олон улсын сайн туршлагыг нэвтрүүлж, Иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх хүрээнд мэргэжлийн холбоод, их, дээд сургуулиуд, хэвлэл мэдээллийн байгууллагын олон талт оролцоог өргөжүүлэх ажлуудыг хэрэгжүүлэхээ мэдэгдэв. Мөн зарим шүүхийн Тамгын газрууд 2000 гаруй хэрэг хянан шийдвэрлэсэн ч ердөө 10 хувьд нь шийдвэрийн тойм бичиж байгааг, эсвэл огт бичихгүй байгааг анхааруулав.
Зөвлөгөөний хүрээнд Монгол Улсын Их сургуулийн Эдийн засгийн тэнхимийн захирал, Эдийн засагч, доктор, профессор Ч.Хашчулуун “Хиймэл оюун ухаан-хөгжлийн ирээдүй”, Хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Кофецки “Шүүхийн захиргааны талаарх олон улсын туршлага”, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Ёс зүйн дэд хорооны дарга Д.Мөнхбат “Шүүхийн захиргааны ажилтны ёс зүйн зөрчил, анхаарах асуудал”, Стандарт, хэмжил зүйн газрын ахлах мэргэжилтэн С.Алтанцэцэг “Олон улсын чанарын менежментийн тогтолцооны ISO 9001 стандартын ач холбогдол”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газрын дарга О.Солонго 2025 оны шилдэг инноваци “Зөрчлийн хэргийн шийтгэврийн цахим систем”, Дундговь аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Ц.Мөнгөнцоож 2025 оны шилдэг ажилд шалгарсан “Хөтөч автомат машин”-ы танилцуулга хийв.





МЭДЭЭЛЛИЙН ТӨВ