Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд өнөөдөр (2026.01.30) Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүдтэй уулзалт хийлээ.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал, дэд ахлагч, Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, Г.Уянгахишиг, ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, С.Зулпхар нар Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хууль, тогтоолын төслүүдийн талаар холбогдох байгууллагуудын байр суурийг сонслоо.
Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа анхан болон давж заалдах шатны шүүхийн хүний нөөц, шүүхийн барилга байгууламжийн өнөөгийн нөхцөл байдал, Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн талаар танилцуулав. Мөн төсөвт Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд ажиллах шинжээчдийн цалингийн зардлыг тусгаагүйг дурдлаа.


Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг боловсронгуй болгох, тулгамдаж буй асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэх чиглэлээр оролцогчид асуулт, хариулт өрнүүлж, санал солилцов.
Тухайлбал: Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг орон нутагт бүсчилж байгуулах эсэх, дагнасан шүүхийн байрыг олон улсын стандартын дагуу барьж, гэр бүл, хүүхдэд ээлтэй, айдасгүй орчин бүрдүүлэх, шүүх хуралдаанд нэхэмжлэгчийг цахимаар оролцуулах нөхцөлийг хангах, гэр бүлийн хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хүүхдийн тэтгэмжийн асуудлыг хамтад нь шийддэг болох зэрэг асуудлын хүрээнд оролцогчид байр сууриа илэрхийллээ.



Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Захиргаа удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа, Хуулийн хэлтсийн дарга Б.Оюунгэрэл, Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны Ажлын албаны зөвлөх Г.Алтанцэцэг, референт Б.Баярсайхан Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын Хувийн эрх зүйн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Оюунзул, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Д.Мөнгөнтуул, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын дарга Б.Баярсайхан, 108 Хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн захирал Б.Отгонцэцэг, Баянзүрх дүүргийн Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтсийн дарга Ц.Үүрцайх, нар оролцов.


Уулзалтын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн бүтэц, зохион байгуулалт, шүүхийн болон шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын тогтолцооны асуудлыг шийдвэрлэх, асуудлын гол төвд хүүхдийн эрхийн асуудлыг тавьж байгаад процесс ажиллагааг уялдуулах, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийг хангуулах эрх зүйн зохицуулалтыг тусгах зэрэг асуудлын хүрээнд холбогдох байгууллагууд байр суурь болон саналаа нэгтгэж, төслийг сайжруулахыг хүсэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ