Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд өнөөдөр (2026.01.20) Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийн суурин зөвлөх Кристоф Кофецкитэй уулзалт хийлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа уулзалтын эхэнд Монгол Улсын шүүхийн тогтолцоог сайжруулах, шүүхийн удирдлагын чадавхыг бэхжүүлэх чиглэлд хамтран ажиллаж буй “Твиннинг” төслийн суурин зөвлөх ноён Кристоф Кофецкид талархал илэрхийлж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг танилцуулж, төслийн талаар санал солилцов.


Суурин зөвлөх Кристоф Кофецки Шүүхийн ерөнхий зөвлөлийн шинэ дарга, гишүүд хүлээн авч уулзаж буй явдалд талархал илэрхийлж, Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр хэрэгжүүлж буй хосолмол түншлэлийн “Твиннинг” төслийг танилцуулж, дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.


“Твиннинг” төсөл нь Монгол Улсын шүүхийн тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн чадварыг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажиллагааг хэрэгжүүлэх зорилготой бөгөөд 2025 оны 04 дүгээр сараас эхлэн нийт 18 сарын хугацаанд хэрэгжинэ. Европын Холбооны гишүүн бус улс орнуудад 2018 оноос хэрэгжиж байгаа бол Монгол Улсын шүүх эрх мэдлийн салбарт анх удаа хэрэгжүүлж буй тусгай загварын төсөл гэдгийг онцлоод Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас мэргэжлийн экспертүүд томилон ажиллуулж, дүн шинжилгээ хийж, стратегийн түвшинд зөвлөн тусалдаг болохыг төслийн суурин зөвлөх танилцуулсан юм.


Өнгөрсөн хугацаанд төслийн баг шүүхийн бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах чиглэлээр ажилласан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл анхан шатны шүүхүүдийн тоог цөөлж, хэрэг зөрчлийг хялбаршуулан шийдэх чиглэлээр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийг байгуулж, энэ онд Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүхийг байгуулан, төслийн тайланд тусгасан зөвлөмжүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан. Цаашид шүүхийн дотоод үйл ажиллагааны талаар нарийвчлан төлөвлөж, тодорхой болгох шаардлага бий. Учир нь 2026 оны 03 дугаар сард шүүхийн хүний нөөцийн удирдлага, шүүхийн цахимжилтын чиглэлээр ажиллах экспертүүд ирж ажиллана. Иймээс төслийн төлөвлөгөөт ажлуудыг дахин нэг ярилцах саналтай байгаагаа суурин зөвлөх Кристоф Кофецки илэрхийлэв.


Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга болон гишүүдийн зүгээс “Твиннинг” төслийн экспертүүдийн гаргасан тайлантай танилцсан бөгөөд тайланд туссан зөвлөмжүүдийг хэрэгжүүлж ажиллахын зэрэгцээ төслийн үйл ажиллагааг бэхжүүлж, хамрах цар хүрээг өргөжүүлэн ажиллахад бэлэн, мөн эрүүгийн болон иргэний хэргийн процессын хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хүрээнд төслийн мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хуулийн маргаангүй хэрэглээг нутагшуулах, давж заалдах шатны шүүхүүдийн үйл ажиллагааг тойргийн журмаар явуулах, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг сайжруулах асуудлуудаар санал солилцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ