Шүүхийн ерөнхий зөвлөл Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагатай хамтран “Шүүх эрх мэдлийн хамтын ажиллагаа ба ил тод байдал” (2024-2026), “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” (2025-2030) төслийг хэрэгжүүлж байна.

 

“Шүүх эрх мэдлийн байгууллагын хамтын ажиллагаа ба ил тод байдал” төсөл нь Иргэний нийгмийн байгууллага болон хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоотойгоор шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангах замаар шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

Энэхүү төсөл нь 2024 оны 07 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд энэ хугацаанд Иргэний нийгмийн байгууллага, Хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийг оролцуулан 7 удаагийн сургалт хэлэлцүүлгийг зохион байгуулж, нийт 80 гаруй сэтгүүлчид хамрагджээ. 2026 оны 01 дүгээр сарын 22,23-ны өдрүүдэд “Шүүхийн тойм ба хэвлэлийн мэдээ бэлтгэх арга зүй” сэдэвт сургалтыг зохион байгуулах бол 02 дугаар сарын 03-06-ны өдрүүдэд Ерөнхий шүүгч, Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдийг хамруулсан “Шүүхийн шийдвэрийн тойм бичих аргачлал” сэдвээр сургалт зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.

 

Мөн төслийн хүрээнд 2025 онд Шүүхийн үйлчилгээг сайжруулах зорилгоор иргэдэд зөвлөн туслах эрх зүйн хөтөч хөтөлбөрийг 4 шүүхийн байранд амжилттай хэрэгжүүлжээ. Шүүхийн байранд ажилласан 30 гаруй эрх зүйн хөтөч нь нэхэмжлэл бичих заавар, шаардлагатай баримт бичгийн талаар тайлбарлах, тусгайлсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэхэмжлэлийн талаар зөвлөх, улсын тэмдэгтийн хураамж тооцох, төлөхөд туслах, “Гэрэгэ киоск” машиныг ашиглах аргачлал заах, шүүхийн архиваас лавлагаа, тодорхойлолт авахад туслалцаа үзүүлэх, нэхэмжлэл хуваарилагдсан шүүгчийн нэр, туслахтай холбоотой мэдээлэл зэргээр иргэдэд шүүхийн үйлчилгээг хялбар, ойлгомжтой байлгах чиглэлээр үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Иргэд шүүхийг холбосон энэхүү үр дүнтэй ажлыг үргэлжлүүлэх саналыг дэмжиж, цаашид ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг дээр санал солилцов.

 

Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх тогтолцоог бэхжүүлэх” (2025-2030) хоёрдугаар шатны төсөл нь Шүүх, хууль сахиулах, иргэний нийгмийн байгууллагын салбарынханд хохирогч төвтэй төвтэй хандлагыг төлөвшүүлэх, салбар дундын хамтын ажиллагааг институцийн түвшинд бэхжүүлэх зорилготой.

 

Төслийн хүрээнд шүүхийн захиргааны ажилчдыг мэргэшүүлэх сургалтад хамруулан хохирогч төвтэй хандлагыг төлөвшүүлэх, сэтгэл зүйн гэмтэлд суурилсан үйлчилгээний сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.

 

2024 оны 06 дугаар сард Шүүх байгуулах тухай хууль шинэчлэн батлагдсанаар Гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан шүүх байгуулагдах эрх зүйн орчин бүрдсэнтэй холбоотойгоор Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага шүүхэд гэр бүл, хүүхдийн хэргийн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх процессын хууль боловсруулах төсөлд техникийн туслалцаа үзүүлж ажилласан байна. Мөн АНУ, Япон зэрэг гадны орнуудын гэр бүл, хүүхдийн хэргийн дагнасан  шүүхийн байрны стандартыг судалж, шинээр байгуулагдах дагнасан шүүхэд хүүхдийн хэрэгцээнд тохирсон гэр бүлийн орчин бүрдүүлсэн байрны стандартыг Монгол Улсад нэвтрүүлэхэд шаардлагатай зарим тоног төхөөрөмжийг худалдан авахад төслийн хүрээнд дэмжлэг үзүүлж ажиллана гэдгийг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагаас илэрхийлэв.  

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс цаашид хамтран хэрэгжүүлж буй дээрх төслүүдийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд бүхий л талаар дэмжин хамтран ажиллах болно гэдгийг Зөвлөлийн дарга, гишүүд илэрхийлсэн юм. Өнөөдрийн уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга П.Золзаяа, гишүүн Ч.Баянжаргал, О.Жанчивнямбуу, М.Мөнхдаваа, Л.Өлзийжаргал, С.Энхбаатар, Х.Эрдэм-Ундрах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Чарльз Болланд, хөтөлбөрийн удирдагч Н.Одонтуяа, Төслийн зохицуулагч Б.Баясгалан, Төслийн хяналт, үнэлгээний мэргэжилтэн М.Наран нар оролцлоо.

 

 

 

 

 

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ, ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР