Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар Шүүгчийг сэлгэн ажиллуулах тухай асуудлыг хэлэлцэн Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Пүрэвсүрэнгийн Тулгыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Баттөмөрийн Болормааг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Лхагвасүрэнгийн Галбадарыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд, Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа эхлэх хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 273 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн албан тушаалын цалин, нэмэгдлийн хэмжээг тогтоох, олгох журам”-ын 4.7-д заасны дагуу зарим шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоов.

 

“Цахим шүүх 2.0” цөм системийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны туршин нэвтрүүлэлтийн төлөвлөгөөг шинэчлэн батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэж, "Цахим шүүх 2.0” цөм системийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг туршин нэвтрүүлэх шүүхүүдийг өргөтгөж, “Иргэний хэргийг анхан болон давж заалдах шатанд хянан шийдвэрлэх ажиллагааны модуль”, “Зөрчлийн хэргийг давж заалдах шатны шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны модуль”, “Иргэд, олон нийтийн портал”-ын “Иргэний хэргийг анхан болон давж заалдах шатанд хянан шийдвэрлэх ажиллагааны модуль”-ийн туршин нэвтрүүлэх төлөвлөгөөг баталлаа.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ