Шүүхийн ерөнхий зөвлөлөөс зохион байгуулсан “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл нийт 30 хоногийн хугацаанд танхимын болон дадлага хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдаж, сургалтад хамрагдсан албан хаагчдад өнөөдөр (2026.01.09) гэрчилгээ гардууллаа.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Өлзийжаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны хүний нөөцийн газрын дарга Б.Оюуннасан, Сургалт, хөгжлийн асуудал хариуцсан референт Э.Батцэнгэл нар төгсөгчдөд баяр хүргэж, амжилт хүслээ. Сургалтад нийт 50 эрх зүйч хамрагдсанаас 42 оролцогч сургалтаа амжилттай дүүргэж, 10 суралцагч Нийслэл болон орон нутгийн шүүхийн Тамгын газарт ажилд орсон байна. Сургалтыг шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн судлаачид удирдан явуулсан бөгөөд шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, Тамгын газрын ажилтнууд зохион байгууллаа.
Шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 26 сэдвийн хүрээнд 40 цагийн танхимын сургалт явууллаа. “Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтыг 2016–2025 оны хооронд нийт 10 удаа зохион байгуулсан бөгөөд энэ хугацаанд нийт 385 суралцагч амжилттай төгсжээ. Төгсөгчдийн 66 хувь буюу 232 хүн өнөөдрийн байдлаар Нийслэл болон орон нутгийн шүүхийн Тамгын газарт мэдээлэл, лавлагааны мэргэжилтэн, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга зэрэг шүүхийн захиргааны албан тушаалд тогтвортой ажиллаж байна.
