Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас шүүхийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, нээлттэй, ил тод байдлыг бэхжүүлэх, үйлчилгээний орчин, нөхцөлийг сайжруулах, иргэдийн шүүхэд мэдүүлэх эрхийг хангах чиглэлээр жил бүр ажил санаачлан хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд “Шүүхийн байрны стандарт"-ын дагуу Өмгөөлөгчийн ганцаарчилсан уулзалтын болон цахим хуралдааны өрөөг ажиллуулж эхэллээ. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны Ерөнхийлөгч Л.Данзанноров, Нийслэлийн Өмгөөлөгчдийн Зөвлөлийн дарга Б.Солонго, Удирдах Зөвлөлийн гишүүн, гишүүнчлэлийн дэд хорооны дарга Б.Энх-Эрдэнэ нарыг Тамгын газрын дарга Д.Өнөржаргал хүлээн авч уулзлаа. Монголын Өмгөөлөгчдийн Холбооны ерөнхийлөгч Л.Данзанноров “Захиргааны хэргийн шүүхээс өмгөөлөгчдөд болон шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдэд таатай орчин бүрдүүлэхэд хамгийн их анхаарч, ач холбогдол өгч байгаа. Та бүхний үлгэрлэл, манлайлал бусад шүүхүүдэд жишиг болон хэрэгжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээр харьяалан шийдвэрлэгдэж буй хэрэг маргааны онцлог болон шүүх хуралдааны танхимын хүрэлцээнээс шалтгаалан шүүх хуралдаан хүлээгддэг бөгөөд өмгөөлөгчийн ганцаарчилсан өрөөг ашиглалтад оруулснаар өмгөөлөгч дараагийн шүүх хуралдаанд бэлтгэх, хэргийн оролцогчтой уулзах нөхцөл бүрдэж байна. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэвийн тасралтгүй явуулах орчин, нөхцөлийг бүрдүүлэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах зорилгоор өмгөөлөгч цахим хуралдааны өрөөнөөсөө бусад шүүхийн шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжтой байдлаар техник, тоног төхөөрөмжийг байршууллаа. Монгол Улсын Дээд шүүх, шүүх хуралдаан хойшилсон шалтгаан нөхцөлийг тодруулсан статистик мэдээ гаргасан бөгөөд Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаан 2023 онд хэргийн оролцогч, төлөөлөгч, өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлт гаргасан үндэслэлээр хойшилсон 41%, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан 2025 оны 11 дүгээр сарын байдлаар өмгөөлөгч өвчтэй, шүүх хуралдаан давхацсан тохиолдол 27,7%-ийг эзэлж байна. Тус шүүхийн Тамгын газар 2022 онд “Call center” үйлчилгээ нэвтрүүлж, ШЕЗ-өөс гаргасан “Шүүх хуралдаанд оролцогчийг зайнаас буюу цахимаар оролцуулах ажлыг зохион байгуулах журам”-ын хэрэгжилтийн хүрээнд 2023 онд шүүх хуралдааныг танхим, танхим болон цахим хосолсон байдлаар явуулах техникийн нөхцөлийг бүрдүүлсэн. 2024 онд “Шүүх хуралдааны жишиг цахим танхим”-ыг ажиллуулснаар иргэдийг шүүх хуралдаанд цахимаар оролцох боломжийг бүрдүүлсэн. Монгол Улсын Шүүхийн тухай хуульд 2024 онд орсон нэмэлт өөрчлөлт болон "Монгол улсын шүүх, эрх мэдлийн хөгжлийн бодлогын баримт бичиг" батлагдсаны дагуу ШЕЗ-өөс гаргасан “Нээлттэй шүүх хуралдааны бичлэгийг шүүхийн цахим хуудаст байршуулах журам”-ын хүрээнд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс 800 орчим шүүх хуралдааныг шууд дамжуулан, ажиллаж байна.




Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх