- Монгол Улсын шүүхийн тухай хууль батлагдсанаас хойш зохион байгуулсан 10, 11 дэх удаагийн шүүгчийн сонгон шалгаруулалтын тайланг хэлэлцлээ. Сонгон шалгаруулалтын зохион байгуулалтын талаар цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэлийг ажлын албанд өгөв.
- Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тус тус 1 шүүгчийг сэлгэн ажиллуулах захиалга ирүүлсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 22-ны өдрүүдэд байршуулсан. Тус хугацаанд ирүүлсэн 5 шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтийг хэлэлцэж, Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяаг Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 2 жилийн хугацаагаар, Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхбүрэнг Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд 2 жилийн хугацаагаар тус тус сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлэн томилуулах шүүгчийн 9 орон тоо, Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шилжүүлэн томилуулах шүүгчийн 4 сул орон тоог тус тус тогтоосон бөгөөд дээрх орон тоонд шилжих зөвшөөрөл ирүүлсэн 20 шүүгчээс анхан болон давж заалдах шатны шүүхийн 13 шүүгчийг шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэв.
- Анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын шалгалтад тэнцэж, эрэмбэлэгдсэн 2 нэр дэвшигчийг томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн ээлжит хуралдаанаар шийдвэрлэв.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 76 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Шүүгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах аргачлал”-д өөрчлөлт оруулав.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг Ажлын албаны нэгжүүдийн саналд тулгуурлан боловсруулж, Чиг үүргийн хороодоор хэлэлцүүлж, 22 бүлгийн 97 ажлыг тусгав. Тус төлөвлөгөөний төслийг Шүүхийн ерөнхий зөвлөл хэлэлцэж батлав.
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 1 сул орон тоонд шүүгч шилжүүлэн томилуулах зар байршуулахар шийдвэрлэв. Мөн эрүүгийн хэргийг харьяалан шийдвэрлэх анхан шатны шүүхийн шүүгчийн 2 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлаж, нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэхээр тогтоов.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ