Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “...55 насанд хүрсэн, эсхүл шүүгчээр нийт 25 жил ажилласан шүүгч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно.” гэж заасны дагуу 1 шүүгчийг албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр, мөн зарим шүүхийн шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоож шийдвэрлэв.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Зарим шүүхийн шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлах тухай” 158 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтыг хүчингүй болгов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 207 дугаар тогтоолоор баталсан “Шүүгчийн ажлын ачаалал тооцох шалгуур үзүүлэлт, шүүгчид нэмэгдэл урамшуулал олгох журам”-ын 6.1-д заасны дагуу 2025 оны сүүлийн хагас жилийн ажлын ачааллыг тооцов.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 353 дугаар тогтоолоор Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийг шилжүүлэн томилуулах орон тоог тогтоосонтой холбогдуулан Шүүгчийг шилжүүлэн томилуулах журмын 5.1.6 дахь дэд заалт: Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхэд шилжин ажиллах шүүгчийн хувьд гэр бүлийн хэрэг, маргааныг шийдвэрлэсэн хэргийн тоо (дангаар болон бүрэлдэхүүнтэй), гэр бүлийн эрх зүйн чиглэлээр бүтээл гаргасан, судалгаа хийсэн зэрэг мэргэшсэн байдлыг харгалзан үзнэ.” гэж нэмж оруулав.
Нэр бүхий шүүгчээс хөтлөн ирүүлсэн нөлөөллийн мэдүүлэгт дурдсан үйлдлийг зөрчлийн шинжтэй эсэхийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүргүүлж шийдвэрлэв.
Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2025 оны үйл ажиллагааг дүгнэлээ.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 5 зорилт 113 арга хэмжээний хэрэгжилтийг Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Байгууллагын үйл ажиллагаа, үр дүнг үнэлж дүгнэх журам”-ын 2.4, 2.5 дахь хэсэгт заасны дагуу үнэлэхэд 91 хувийн биелэлттэй буюу "Бүрэн хангалттай " үнэлэгдэв. Үнэлгээг Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн ээлжит 44 дүгээр хурлаар хэлэлцүүлж баталгаажууллаа.
Мөн хуралдаанаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2026 оны төсвийн хуваарийг хэлэлцэн баталлаа.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ