Европын холбоо “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төслийг 2025-2027 он хүртэл хэрэгжүүлэхээр болсон. Нийт 1.5 сая еврогийн санхүүжилттэй төслийн бүрэлдэхүүн 1 буюу Улсын дээд шүүх, Шүүхийн академи, бүрэлдэхүүн 2 буюу Шүүхийн ерөнхий зөвлөл, бүрэлдэхүүн 3 буюу Шүүхийн сахилгын хорооны хэмжээнд хэрэгжүүлж байна.
Твиннинг төслийн удирдах хорооны III дахь ээлжит хуралдааныг Твиннинг төслийн удирдагч Андреас Штюве удирдаж тус төслийн Монгол Улс дахь суурин Зөвлөх Кристоф Копецки төслийн II улирлын тайлан, онцлох ажлуудын талаар мэдээлэл өгч, дараагийн улирлын ажлын төлөвлөгөөг танилцуулсан юм. Гурван бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд Улсын дээд шүүхийн хэрэг судлалын өгөгдлийн сан, Шүүхийн академийн чадавхийг бэхжүүлэх, 3-р бүрэлдэхүүн хэсэг шүүгчид холбогдох сахилгын хэргийн удирдлагын системд үнэлгээ хийх хүрээнд үе шаттай ажлууд хийнэ гэдгээ онцолсон.
Хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэг болох Шүүхийн ерөнхий зөвлөлд хамаарах чиглэлд шүүхийн захиргааны ажлын үйл ажиллагааг оновчтой зохион байгуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн зарим зохицуулалтыг боловсронгуй болгох талаар төслийн зөвлөхүүдээс гарах тайлан, зөвлөмжийг Шүүхийн ерөнхий зөвлөл авч хэрэгжүүлсэнээр шүүхийн ачаалал буурч, шүүх хэргийг богино хугацаанд шийдвэрлэж иргэний эрх ашиг хангагдахад ахиц гарна. Шүүгчийн сонгон шалгаруулалтыг боловсронгуй болгох чиглэлд 2026 оны I улиралд ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн 3-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн сургалтын хөтөлбөр, шүүхийн цахимжуулалтыг нэвтрүүлэхэд төслийн хүрээнд санал, зөвлөмж гаргах хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөгдсөн байна

Энэ удаагийн Удирдах хорооны хуралдааныг Твиннинг төслийн гишүүн улсын удирдагч Андреас Штюве (цахимаар) даргалж, санал хураалгах эрхтэйгээр Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Ина Марчюлёните, Удирдах хорооны гишүүд буюу төслийн үр шим хүртэгч улсын удирдагч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийг төлөөлөн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр, Бүрэлдэхүүн 1-р хэсгийн ахлагч, төслийн зөвлөх, Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, Бүрэлдэхүүн 2-р хэсгийн ахлагч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Бүрэлдэхүүн 3-р хэсгийн ахлагч, Шүүхийн сахилгын хорооны гишүүн Б.Сугарыг төлөөлөн Ажлын албаны Мэдээлэл, дүн шинжилгээний хэлтсийн дарга М.Алтаншагай, Төслийн суурин зөвлөх Кристоф Копецки нар оролцов.
Мөн урилгаар Европын холбооны төлөөлөгчийн газрын төслийн менежер Арно Апприю, Шүүхийн академийн Сургалтын төвийн дарга Г.Халиунаа, төслийн гишүүн улсын зохицуулагч Тереза Талхаммер (цахимаар), Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын төслийн менежер Н.Одонтуяа нар байлцав.
Удирдах хорооны энэ удаагийн ээлжит хуралдаанаар 2026 онд хэрэгжүүлэх төслийн ажлын төлөвлөгөөг баталж, Твиннинг төслийн удирдах хорооны IV дэх ээлжит хуралдааныг 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.

ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ