Монгол Улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс санаачлан иргэдийн эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх, шүүхийн ил тод, нээлттэй байдлыг хангахад чиглэсэн тодорхой ажлуудыг хэрэгжүүлж байна. Шүүхийн Тамгын газар, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран 19 суманд “Хууль таниулах, сургалт, мэдээллийн өдөрлөг” хийсэн. Ийнхүү үргэлжлүүлэн Цахир, Тариат суманд амжилттай зохион байгууллаа. Гарын авлага, тараах материалыг сургалтад оролцсон иргэд, албан хаагчдад өгөв. “Захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа (Захиргааны ерөнхий хууль)”, “Иргэдийн түгээмэл холбогдож буй гэмт хэрэг, зөрчил тэдгээрээс урьдчилан сэргийлэх, анхаарах асуудал /Зарим төрлийн гэмт хэрэг, зөрчлийн жишээн дээр/” сэдвээр Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга, “Иргэний шүүхэд мэдүүлэх эрх, иргэний хэргийн шүүхээр түгээмэл шийдвэрлэгддэг хэрэг, маргаан, анхаарах зүйл” сэдвээр Архангай аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн туслах Э.Энххүү, “Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалаар шийдвэрлэх маргаан, иргэдийн анхаарах асуудал” сэдвээр Архангай аймгийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч Т.Нэргүйбаатар нар мэдээлэл хүргэж, сонирхсон асуултад хариуллаа.




АРХАНГАЙ АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР