Завхан аймаг дахь Cум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ш.Одонзул өндөр насны тэтгэвэрт гарч, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгдсөн тул “Хүндэтгэлийн шүүх хуралдаан” зохион байгууллаа. Хуралдаанд тус шүүхийн шүүгчид, тамгын газрын ажилтнууд, аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын шадар зөвлөх Н.Батмөнх, Цагдаагийн газрын дарга хурандаа Н.Отгонжаргал, Зэвсэгт хүчний 325 дугаар ангийн захирагч хурандаа Ш.Аюурзана, Улсын бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Сүхбаатар, Тагнуулын ерөнхий газрын Завхан аймаг дахь хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Бямбасүх, Монголын Өмгөөлөгчдийн холбооны салбар зөвлөлийн өмгөөлөгч Г.Алтангэрэл, Б.Энхжаргал, шүүхийн ахмад ажилтан Д.Энхжаргал, Л.Бадамдорж, Б.Аанаахүү нар оролцож, хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн хуралдааныг шүүгч Ш.Одонзул нээж, Тамгын газрын дарга Х.Дорждэрэм Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг уншиж, сонсголоо. Шүүгчид өөрийнх нь шүүгчийн өмсгөл, “Монгол Улсын нэрийн өмнөөс” гэсэн хавтсыг дурсгал болгон хадгалуулав. Ш.Одонзул нь төрийн албанд 27 жил ажиллахдаа анхан шатны шүүхийн шүүгчээр 18 жил ажилласан, туршлагатай шүүгч юм. Тэрээр шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууддаа ажлын амжилт хүсэв.

 

                                                            ЗАВХАН АЙМАГ ДАХЬ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР