Нийт шүүгчийн III чуулган 2 дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Чуулганд 498 шүүгч биечлэн оролцож байгаа бөгөөд өнөөдөр (2025.10.10) Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг сонслоо. Ерөнхий зөвлөлийн бүрэн эрхийн хугацааны үйл ажиллагааны тайланг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг танилцуулав.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд анхан болон давж заалдах шатны бүх шүүхэд ажиллаж, 1350 гаруй шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзаж, санал хүсэлтийг нь сонсож, шүүхийн бодит нөхцөл байдалтай биечлэн танилцаж, түүний үр дүнг хэлэлцэн, бүрэн эрхийн хугацаанд хийх ажлаа тодорхойлж, бодлого, үйл ажиллагааны чиглэлээ тогтоосон байдаг. Тодруулбал “Шүүхийн бие даасан байдлыг хангах”, “Шүүхийг хүний нөөцөөр хангах”, “Шүүгчийн хараат бус байдлыг хангах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах”, “Шүүхийн санхүү, эдийн засгийн баталгааг хангах”, “Мэдээллээр хангах” гэсэн 5 чиг үүргийн хороог байгуулан ажиллаж, тус чиг үүргүүдийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудыг тоймлон танилцуулсан юм. 

 

 

 

 

Шүүхийн сахилгын хорооны дарга Д.Ариунтуяа Шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагааны тайланг, Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч Нийт шүүгчийн чуулганаас Улсын дээд шүүхэд уламжилсан асуудлын хэрэгжилтийг танилцуулав.

Канадын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх Комиссарын газрын Олон улсын хөтөлбөрийн захирал Олег Шаков Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд Канад Улсын Холбооны шүүхийн хэрэг эрхлэх комиссарын газартай хамтран хэрэгжүүлж буй “Тэгш эрх, шударга ёсыг хүн бүрд” төслийг танилцууллаа.

Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, шүүгч Б.Батцэрэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвших тухай хүсэлт хүлээн авсан талаарх мэдээллийг танилцуулав.

 

 

 

 

 

 

 

Нэрээ дэвшүүлж, хүсэлтээ ирүүлсэн шүүгчид нэр дэвших болсон үндэслэл, хийж хэрэгжүүлэх ажлаа танилцуулж, чуулганы оролцогчдоос тавьж буй асуултад хариулт өгнө. Чуулганы төгсгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүнийг сонгох санал хураалтыг явуулж, Тооллогын комиссоос санал хураалтын дүнг танилцуулж, тогтоол гаргаснаар Нийт шүүгчийн III чуулган өндөрлөнө.

 

 

 

 

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ