Нийт шүүгчийн III чуулган өнөөдөр (2025.10.09) Улаанбаатар хот, Төрийн ордонд болж байна. Монгол Улсын шүүхийн тухай хуульд бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдсэн нийт шүүгчийн чуулганыг хоёр жил дутамд зохион байгуулдаг. “Нийт шүүгчийн III чуулган”-ыг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, шүүгч нараас бүрдсэн ажлын хэсэг зохион байгуулж байна.

 

       Монгол Улсын хэмжээнд нийт 517 шүүгч ажиллаж байгаа бөгөөд Нийт шүүгчийн III чуулганд 498 шүүгч биечлэн оролцож, Шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх, хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сайжруулах чиглэлээр санал санаачилга гаргах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнийг сонгох эрхээ хэрэгжүүлж байна.  Хүндэтгэх шалтгаантай болон ажил үүргээ гүйцэтгэн чуулганд биечлэн оролцох боломжгүй шүүгчид чуулганд цахимаар оролцож байна.

 

       Монгол Улсын дээд шүүхийн шүүгч, Нийт шүүгчийн III чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч Б.Батцэрэн чуулганыг нээж, шүүгчдийн ирц болон зохион байгуулалтын талаар мэдээлэл өгөв. Чуулганы даргалагчийг санал хураалт явуулж, заалнаас сонголоо. Нийт шүүгчийн III чуулганы даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Цогт, дэд даргалагчаар Улсын дээд шүүхийн шүүгч Г.Алтанчимэг сонгогдлоо.

 

 

 

       Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийт шүүгчдэд хандаж, мэндчилгээ дэвшүүлж, үг хэллээ. Төрийн тэргүүн хэлэхдээ Шүүх засаглал нь нийгэмд шударга ёс тогтоох, түүнийг бэхжүүлэх нэн чухал институц төдийгүй хууль тогтоох, гүйцэтгэх засаглалтай эн чацуу, харилцан тэнцвэртэй ажиллах учиртай ардчилсан засаглалын нэгэн чухал тулгуур.

 

       Шүүхийн шинэтгэлийг хэрэгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх үйл хэрэг олон сорилт, бэрхшээлийг даван гарч, эдүгээ зохих үр дүнд хүрээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэтгэлийн үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлогын түвшинд ямагт дэмжсээр ирсэн. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлогыг батлуулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх, шүүхийн эдийн засгийн баталгааг сайжруулах, цахим шилжилтийг гүнзгийрүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд багагүй үр дүнд хүрч, шүүхийн шинэтгэлийг зохих түвшинд урагшлуулж ажилласан.

 

     Та бүхэн энэ удаагийн чуулганаараа өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гардан хэрэгжүүлж буй шүүхийн шинэтгэлийн үр дүн, ололт амжилт, алдаа оноог дүгнэн хэлэлцэж, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлно гэдэгт итгэл дүүрэн байгаагаа Төрийн тэргүүн илэрхийлэв.

 

 

 

 

      Монгол Улсын Их Хурлын дарга Дашзэгвийн Амарбаясгалангийн шүүгчдэд хандан дэвшүүлсэн мандчилгээг УИХ-ын даргын Хууль зүйн бодлогын зөвлөх Н.Отгончимэг, Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын мэндчилгээг Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд ажлын албаны дарга Б.Даваадалай дэвшүүлж, чуулганы үйл ажиллагаанд амжилт хүслээ.

 

 

 

 

       

      Нийт шүүгчийн III чуулганаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч гишүүдийг сонгох бөгөөд шүүхийн шинэтгэл, Нийт шүүгчийн чуулганы дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл, Хэрэг, нэхэмжлэл, өргөдөл, гомдол, хүсэлт хүлээн авах болон хуваарилах, Хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журамд нэмэлт, өөрчлөлт оруулах, Шүүх эрх мэдлийн хүрээнд дагаж мөрдөх хууль тогтоомжийг боловсронгуй болгох, Шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, Шүүгчийн эрх ашгийг хамгаалах, сахилга хариуцлагыг сайжруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ.

 

 

 

 

 

 

 

 

 

НИЙТ ШҮҮГЧИЙН III ЧУУЛГАНЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ