Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 37 дугаар хуралдааныг 2025 оны 10 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн Эрүүгийн хэргийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны модулиудын туршин нэвтрүүлэлтийг 2025 оны 07 дугаар сарын 21-ны өдрөөс Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд, 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх, Багахангай, Налайх дүүргийн тойргийн шүүх болон Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхүүдэд 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл туршин нэвтрүүлэлт хийсэн үр дүн танилцуулав.
- “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем” туршин нэвтрүүлэх төлөвлөгөө батлах тухай тогтоол гаргахаар шийдвэрлэв.
Үүнд: Дараах 2 модулийг туршин нэвтрүүлнэ.
- “ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ СИСТЕМ”-ийн Эрүүгийн хэргийн зөрчлийн хэрэг давж заалдах шатанд хянан шийдвэрлэх ажиллагааны модулийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 12 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд туршин нэвтрүүлэх.
- “ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНЫ СИСТЕМ”-ийн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны модулийг Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүх, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүх, Төв аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхүүдэд 2025 оны 10 дугаар 20-ны өдрөөс үе шаттай эхлүүлэн 12 дугаар 05-ны өдрийг хүртэл туршин нэвтрүүлэх.
- Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэг шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 30-ны өдрүүдэд байршуулж нийтэд мэдээлсэн. Тус зарын дагуу ирүүлсэн нэг шүүгчийн хүсэлтийг хэлэлцэж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг 3 сарын хугацаагаар сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
- Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн нэг сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа. Нэр дэвшигчийн өргөдлийг 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд бүртгэнэ.
- Шүүгчид тавих болзол, шаардлагыг үнэлэх, сонгон шалгаруулах журмын 5.3.1.2-т “Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно.” гэснийг “Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр хууль тайлбарлахаа энэ журмын 5.3.1.3, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно.” гэж, 5.3.1.3-т “Салбар эрх зүйн чиглэлийг нийт нэр дэвшигчийн нэг төлөөлөл сугалаагаар тодорхойлно.” гэснийг “Нэр дэвшигч аль салбар эрх зүйн чиглэлээр дүн шинжилгээ хийхээ энэ журмын 5.3.1.2, 5.3.1.4-т сонгосон салбар эрх зүйтэй давхцуулахгүйгээр сонгоно.” гэж тус тус өөрчлөлт орууллаа. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болно.
- Анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн хууль зүйн мэдлэг, чадварын шалгалтын хуваарийг баталлаа. Шалгалт 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхэлнэ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ