Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шүүхэд хандах эрхээ бүрэн эдэлж чадаж байгаа эсэх асуудлын хүрээнд өнөөдөр (2025.10.02) Монгол, Солонгосын Олон улсын хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Дүүргийн анхан шатны иргэний шүүхийн шүүгч нарын төлөөлөл, Шүүхийн академи, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Хуульчдын холбоо, Их сургуулийн багш судлаачид, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, Сөүлийн их сургуулийн Хууль зүйн сургуулийн Олон нийтийн эрх зүйн төв зэрэг байгууллагын төлөөлөл оролцов.
Монгол болон БНСУ-ын шүүхийн салбарт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шударгаар хандах эрхийг хэрхэн хэрэгжүүлж байгаа өнөөгийн нөхцөл байдлыг судалж, шүүхийн байгууллагын бодит жишээ, ололт амжилтад тулгуурлан харилцан туршлага солилцох зорилготой тус хэлэлцүүлгээр НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн хорооноос хүргүүлсэн зөвлөмж, конвенцийн 13 дугаар зүйлийн хүрээнд хэрэгжиж буй хууль тогтоомж, зохицуулалт, тулгарч буй асуудлууд, цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээний тухай хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн үеэр судлаачид Монгол болон БНСУ-д процессын тохируулга дутмаг, шүүхийн шатны бүх үйд ажиллагаа, түүний дотор мөрдөн байцаалт болон шүүхийн өмнөх шатны бусад ажиллагаа, хууль эрх зүйн процессын талаар мэдээлэл харилцааны хүртээмжгүй байдал, барилга байгууламж, бие засах газрын хүртээмжгүй орчин зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс шударга ёсыг хүртэхэд бэрхшээл байсаар байгааг, мөн шүүх, хууль зүйн салбарын мэргэжилтнүүд, бодлого боловсруулагчид, хууль тогтоогчид, эрүүл мэнд, нийгмийн ажилтнуудад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, чадавхийг бэхжүүлэх хөтөлбөр дутмаг байгааг онцолж байлаа.
НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн Хорооноос Монгол болон БНСУ-д дараах зөвлөмжийг өгчээ. Үүнд:
- Конвенцод нийцүүлэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шүүх ажиллагаанд хүртээмжтэй оролцуулах үйл ажиллагааны төлөвлөгөө батлах;
- Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шүүх ажиллагааны бүх үе шатанд үр дүнтэй оролцоход саад болж буй бүх тотгорыг арилгах шаардлагатай хууль тогтоох, захиргааны болон шүүхийн арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Брайл, дохионы хэл, хялбар уншигдах болон дуу, дүрс бичлэг зэрэг хуулийн ажиллагааны явцад хэрэглэгдэх хүртээмжтэй мэдээлэл, харилцааны алтернатив болон сайжруулсан хэрэгслийн хэрэглээг хөгжүүлэх.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ