Хуулийн төслийг дагалдах судалгааны хамт Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд боловсруулсан бөгөөд шүүхийн бус буюу арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх, амилуулах, маргаан шийдвэрлэх сонголттой хувилбарыг бий болгох зорилгоор зарчмын шинжтэй өөрчлөлтүүд тусгагдсан. Үүнд:
• Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд байгуулсан эвлэрлийн гэрээг шүүгчээр баталгаажуулдаг болох, улмаар шүүгчээр баталгаажуулсан эвлэрлийн гэрээний үүрэг зөрчигдөхөд албадан гүйцэтгэх боломжийг нь нээж өгсөн;
• Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын үр дүнд байгуулсан эвлэрлийн гэрээ нь заавал биелэгдэх шинжтэй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах үндэслэл болж байгаа тул шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх, хяналт, зохицуулалтыг бий болгох зорилгоор эвлэрүүлэн зуучлах төвийг магадлан итгэмжлэх тогтолцоог шинээр бий болгож өгсөн;
• Мөн шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалын зохицуулалтын тогтолцоог дэлхийн бусад улсуудын нэгэн адил хууль зүйн яам магадлан итгэмжлэх, зөвшөөрөл, олгох, бэлтгэх, давтан сургах зэрэг чиг үүргийг хэрэгжүүлдэг байхаар хуулийн төсөлд тусгаж өгсөн. Ингэхдээ, одоо амжилттай хэрэгжиж байгаа шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлалыг хэвээр хадгалах байдлаар хуулийн төсөлд тусгаж өгсөн;
• Шүүхийн бус эвлэрүүлэн зуучлалыг явуулахдаа эвлэрүүлэн зуучлалын төвөөр дамжуулж явуулах бөгөөд эвлэрүүлэн зуучлах төвд тавигдах шаардлагуудыг төсөлд тусгаж өгсөн;
• Түүнчлэн, эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдвэрлүүлэх хөшүүргүүдийг төсөлд тусгаж өгсөн. Тухайлбал, банк болон банк бус санхүүгийн байгууллагаас олгосон зээл, түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ зэрэг талууд эвлэрэх магадлал өндөр маргаануудад эвлэрүүлэн зуучлалд хандах урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмыг тогтоож өгсөн. Мөн эхний уулзалтыг заавал хийх, талууд өөрсдөө эвлэрүүлэн зуучлалд хандаж маргаанаа шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргасан боловч эвлэрэл амжилтгүй болсон бол шүүхийн тэмдэгтийн хураамжаас хөнгөлөх зэрэг эвлэрүүлэн зуучлалд хандах хөшүүрэг болсон зохицуулалтыг оруулж өгсөн;
• Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нууцлалын зохицуулалтуудыг боловсронгуй болгож, олон улсын жишигт нийцүүлэх байдлаар тус тус тусгаж өгсөн.
Дараах холбоосоор нэвтэрч саналаа өгнө үү.
https://legalinfo.mn/mn/discussiondetail/17433087130572?fbclid=IwY2xjawNDVS9leHRuA2FlbQIxMQABHsgmvBOzWSSV7k-IWXbY2j-1SD8MpqQSirAgq39l8GzAQiGVp319uoDjjK-t_aem_qonZrYBTUpGdylEV1elWaQ