Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 35 дугаар хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн, Шүүхийн тусгай архивын дэргэдэх баримт нягтлан шалгах арга зүйн комиссын дарга Э.Зоригтбаатар Анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын архивын баримтад Улсын нэгдсэн тооллого явуулахад зарим хэрэг, баримт дутсан асуудлыг нягтлан шалгаж, эрж хайх чиглэлээр хийгдсэн ажлыг танилцуулав. Тус асуудлыг холбогдох хууль, журмын дагуу арга хэмжээ авч, Шүүхийн тусгай архив болон албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын байцаагчид зохих чиглэлийг өглөө.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн “Биечилсэн аудитын төлөвлөгөө батлах тухай” 25 дугаар тогтоол, Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн “Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечлэн хийх аудитын удирдамж батлах тухай” 130 дугаар тушаалын дагуу Дорнод аймаг дахь шүүхийн Тамгын газрын үйл ажиллагаанд биечилсэн аудит хийж гүйцэтгэсэн талаар санал, зөвлөмж бүхий тайланг танилцуулав. 2025 онд хийгдсэн нийт биечилсэн аудитын тайлан дүнг зөвлөлийн хуралд танилцуулж, шүүхийн Тамгын газрууд болон Ажлын албаны холбогдох газруудад цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тус тус хүргүүлэхээр тогтов.
- Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 144 дүгээр зарлигаар шинээр томилогдсон Лутбатын Болортуяаг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд, Ганзоригийн Насанжаргал, Алтангэрэлийн Билгүүн нарын төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийн хувийг тогтоов.
- Хан-Уул дүүрэгт баригдаж буй Шүүхийн нэгдсэн цогцолбор барилгын ажлын гүйцэтгэл, өрөө тасалгааны хуваалтын талаарх мэдээллийг танилцуулав. Зөвлөлийн гишүүд барилгын үндсэн зурагт өөрчлөлт оруулахгүйгээр ашигтай талбайг нэмэгдүүлж, шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтнуудын өрөө тасалгааг оновчтой хуваах боломжийн талаар судлах чиглэлийг холбогдох нэгжид өглөө. Мөн 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинээр байгуулах Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийн байр болон байршлын асуудлыг хэлэлцэж шийдвэрлэв.
- Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8 дахь хэсэгт заасны дагуу нөөцийн оноотой 9 нэр дэвшигчдийг шүүгчийн сул орон тоонд томилуулахаар санал болгох асуудлыг хэлэлцэн, өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
- Шүүхийн Ерөнхий зөвлөлийн 2025 оны 198, 200, 202, 203, 206, 209, 210, 212 дугаар тогтоолоор давж заалдах шатны шүүхийн шүүгчээр томилуулахаар дахин санал болгосон шүүгч Хасбаатарын Ганболд, Баяраагийн Батаа, Бат-Очирын Өлзийхишиг, Жаргалын Дэлгэрмөрөн, Халамханы Мейрамбек, Бавуугийн Цэрэнханд, Сарантуяагийн Ганбат,Чинзоригийн Баярмаа нарыг Монгол Улсын Ерөнхийлөгч 2025 оны Е/07, Е/08 дугаар албан бичгээр “Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.5 дахь заалтад заасан болзол, шаардлагыг хангахгүй” үндэслэлээр саналыг тус тус буцаан ирүүлсэн ба буцаасан үндэслэлийг нягтлан, эрх бүхий байгууллагуудаас лавлагаа, мэдээлэл авсаны үндсэнд давж заалдах шатны шүүгчид тавин шаардлагыг хангахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй болохыг хэлэлцээд дахин өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.
- Анхан шатны шүүхийн 3 шүүгчийн сул орон тоонд Шүүхийн тухай хуулийн дагуу шүүгчийн сул орон тоог нөөцөөс нөхөн бүрдүүлэх боломжгүй тул сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж нэр дэвшигчийн өргөдөл, материалыш 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагаас 2026 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд хүлээн авч, сонгон шалгаруулалтаар орон тоог нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэв.
- Европын Холбооны санхүүжилтээр, Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэл (Твиннинг) төслийн явц, үр дүнгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж, санал солилцлоо. Тус төслийн 2 дах хэсэг буюу Шүүхийн ерөнхий зөвлөлд хамаарах хэсэгт сайн үр дүнд хүрэхийн тулд арга хэмжээг нарийвчлах, шаардлагатай мэдээлэл өгөх зэргээр төслийн хэрэгжилтийг дэмжиж, Олон улсын түнш байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллахыг холбогдох газар нэгжид болон хариуцсан гишүүнд үүрэг болгов.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ