Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөл, Дархан-Уул аймаг дахь шүүхийн Тамгын газар, Монголын Хуульчдын Холбооны Эвлэрүүлэн зуучлалыг дэмжих асуудал эрхэлсэн хороотой хамтран 'Why mediation?, Why for businesses?' сэдэвт мэдээлэл хүргэх арга хэмжээг 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймагт боллоо. Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (ОУЭЗХБ)-аас Европын Холбооны санхүүжилттэй Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад арилжааны эвлэрүүлэн зуучлалыг бэхжүүлэх нь” (2023-2025) төслийн хүрээнд тус арга хэмжээг зохион байгуулж байна.
Арга хэмжээнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Суурин төлөөлөгч Чарльз Болланд, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, шүүгч Т.Болормаа, Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Тамгын газрын дарга 3.Баяржаргал, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн иргэдийн төлөөлөгч, эвлэрүүлэн зуучлал хариуцсан референт Н.Гэрэлтуяа нар оролцож, эвлэрүүлэн зуучлал нь шүүхийн бус журмаар маргааныг шийдвэрлэх (ADR) үр дүнтэй ажиллагаа болох талаар мэдээлэл өгч, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан арилжааны эвлэрүүлэн зуучлалын зохицуулалтыг танилцуулав. Дархан-Уул аймагт хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, барилга, уул уурхай, хүнсний үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчид, эрдэмтэн судлаач, нотариатч, хуульч, өмгөөлөгч, шүүхийн байгууллагын нийт 50 гаруй төлөөлөл оролцлоо.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Л.Энхбилэг төслийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагчдын чадавхыг арилжааны чиглэлд бэхжүүлэх хөтөлбөрийг боловсруулж, 90 гаруй эвлэрүүлэн зуучлагчийг үе шаттай сургалтуудад хамруулж, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, эрх зүйн орчин, тогтолцооны асуудлуудыг тодорхойлж, Олон улсын сайн туршлагыг судлаж, Үндэсний болон Олон улсын зөвлөхүүдийн хамтаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдах судалгаануудын хамт боловсруулаад байгааг онцлон тэмдэглэв.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ