Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 34 дугаар хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

 

  1. Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхээс 4 шүүгч сэлгэн ажиллуулах захиалга ирүүлснийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн цахим хуудаст 2025 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс 15-ны өдрүүдэд байршуулсан. Тус зарын дагуу сэлгэн ажиллах хүсэлт ирүүлсэн Хэнтий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 1 шүүгчийг Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөх хүртэл хугацаагаар 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэв.
  2. Цахим шүүх 2.0 https://cpm.e-court.mn системээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахтай холбоотойгоор Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт орууллаа. Тус аргачлалд цахимаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цаасан хэлбэрээр ирсэн баримтыг хөрвүүлж, цахимжуулалт хариуцсан ажилтан тоон гарын үсгээр баталгаажуулах болон одоо хийгдэж буй бүртгэлийг цахим системд хэрхэн хийх талаар зохицуулсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэгцээ, шаардлагын улмаас орсон нэмэлт, өөрчлөлт нь тогтоол батлагдсан үеэс эхлэн дагаж мөрдөгдөнө. Харин Цахим шүүх 2.0 системтэй холбоотой заалтууд систем нэвтрүүлэлтийн ажлын үе шаттай уялдан мөрдөгдөнө. “Цахим шүүх 2.0” системийн Тусгайлсан журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг туршин нэвтрүүлэлт хийж буй зарим шүүхүүд “Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлал”-ыг мөрдөнө.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ