Монгол Улсын Шүүх эрх мэдлийн байгууллагууд Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сантай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд болон мэргэжилтнүүд төслийн ахлагч болон 2-р хэсгийн шинжээчдийг өнөөдөр (2025.09.12) хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав E-Court 2.0 Шүүхийн цахим системийг шинжээч нарт танилцуулж, мэдээлэл өглөө.

 

 

 

Цахим шүүх 2.0 системийг үе шаттайгаар нэвтрүүлэх ба зөрчил шалган шийдвэрлэх, таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэх, тусгайлсан журмаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны системийн туршин нэвтрүүлэлтийн ажил ид явагдаж байгаа талаар дурдаж, Цахимжилтын төвийн захирал Т.Мөнхбаяр, гүйцэтгэгч компанийн хамт туршилт хийж буй Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс холбогдож, цахим системийн веб болон гар утасны апликэйшн хувилбарын иргэн, олон нийтийн болон шүүхийн модулыг танилцуулсан бөгөөд шинжээчид асуулт асууж, хариулт авлаа. Уулзалтын үеэр мэдээлэл технологийн мэргэжилтнүүд одоо ашиглаж буй Иргэн-2014 системийг шинжээчдэд танилцуулж, сонирхсон асуултад хариулж ярилцав. Төслийн багийн ахлагч Киргиз улсад шүүхийн цахимжуулалтыг нэвтрүүлэн ажиллахад техникийн асуудлаас илүү менежментийн шинэчлэл хийхэд хүндрэл учирдаг талаар дурдсаныг шинжээчид батлан ХБНГУ-д ч энэхүү хүндрэл бэрхшээл байсныг тэмдэглэв. Монгол улсын шүүхийн цахимжилтын системийн хөгжүүлэлт, бэлтгэл ажил богино хугацаанд их зүйл бүтээж, амжилттай явж байгаад талархал илэрхийллээ.

 

 

 

Төслийн хүрээнд Монгол Улсын шүүх тогтолцооны эрх зүйн орчныг боловсронгуй болгох, шүүгч болон шүүхийн захиргааны байгууллагын ажилтнуудын мэргэжлийн чадварыг бэхжүүлэх, шүүхийн үйл ажиллагааг хялбаршуулах, цахимжилтыг эрчимжүүлэх, шүүгчийн дүрмийг шинэчлэх, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зэрэг олон талт ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Монголын шүүх эрх мэдлийн байгууллагуудын тогтолцоонд Европын болон ХБНГУ-ын хууль эрх зүй, шүүхийн салбарын сайн туршлагуудыг нэвтрүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэхэд энэхүү төслийн зорилго, үр дүн чиглэж байгаа бөгөөд төсөл 18 сарын хугацаанд хэрэгжинэ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн С.Энхбаатар, Цахимжилтын төвийн дарга Т.Мөнхбаяр, Мэдээлэл технологийн ахлах референт Г.Мөнхбаяр, Программ хангамж хариуцсан референт М.Зоригтзаяа, Мэдээллийн технологи хариуцсан ахлах шинжээч Б.Хатанбаатар, Сүлжээний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн Ц.Долгормаа, Техник хангамж хариуцсан инженер Б.Лхагвасүрэн, "Ай Си Ти" Групп ХК-ийн Дижитал шийдлийн газрын захирал Ч.Урандэлгэр,  Хосолмол түншлэлийн багийн ахлагч Копенски, Берлиний давж заалдах шатны шүүхийн шүүгч, Тамгын газрын Цахим шударга ёсны (E-Justice) хэлтсийн дарга, төслийн шинжээч, доктор Мартин Мюллер, ХБНГУ-ын Прокурорын газрын Улсын ахлах прокурор, төслийн шинжээч Жералд Рюбсам нар оролцов. 

 

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ