Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит 33 дугаар хуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Энэ удаагийн хурлыг шинээр хөгжүүлсэн Шүүхийн захиргааны ERP системийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны модул дээр хийлээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.
- “Хэргийн хөдөлгөөний хяналтын журам”-ын дагуу хийгдсэн 2025 оны 2-р улирлын цахим, хяналт шинжилгээ-үнэлгээтэй танилцаж, Шүүхийн Тамгын газарт зөвлөмж, чиглэл хүргүүлэх, Хэргийн хөдөлгөөний удирдлагын цахим хяналт, шинжилгээний үр дүн, зөвлөмжийг шүүхийн Тамгын газрын дарга нар шүүгчдийн зөвлөгөөнд, шүүгч тус бүрт танилцуулах чиглэл өгч, Улсын дээд шүүхэд хяналт шинжилгээ-үнэлгээний үр дүнг хүргүүлэх мөн Нийт шүүгчийн чуулганд танилцуулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагааны тайланд хэргийн хөдөлгөөний цахим хяналтын үр дүнг 2025 оны хагас жилээр тасалбар болгон нэгтгэн оруулж, танилцуулахаар болов. Хэргийн хөдөлгөөний цахим хяналтыг ковидын үед буюу 2021 оны 2-р сараас анх хэрэгжүүлж эхэлсэнээс хойш тасралтгүй сайжруулсаар 2024 онд журмаар зохицуулсан байна.
- Шүүхийн үйл ажиллагааны суурь систем болох https://cpm.e-court.mn-ийн таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэвтрүүлэлттэй холбоотойгоор Тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх иргэний хэрэг, таслан сэргийлэх арга хэмжээ, зөрчлийн хэргийн хөдөлгөөний түр аргачлалын туршин нэвтрүүлэлтийн үр дүнг харгалзан Эрүүгийн хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлалд нэмэлт, өөрчлөлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар”-ын жагсаалтад нэмэлт оруулж шийдвэрлэв.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаар, ангилал, зэрэглэл, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн тогтоох тухай” 206 дугаартай тогтоолын 11, 18 дугаар хавсралтад зарим шүүхэд шүүхийн захиргааны ажилтны орон тоонд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэж, тус асуудлаар дахин судалгаа хийж, санал боловсруулан оруулж ирэхийг Ажлын албанд даалгав.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 239 дүгээр тогтоолоор иргэдийн төлөөлөгчийн жишиг тоог баталсан хуулийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан шинээр шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг бүрдүүлэх шаардлага үүссэн тул шүүхийн иргэдийн төлөөлөгчийн жишиг тоо батлах тухай тогтоолыг батлав.
- “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалт улсын үзлэгт бэлтгэх” ажлын хүрээнд нийслэл болон дүүргийн 8 шүүхийн Тамгын газрын архивт ажлын хэсэг ажиллаж, архивын баримт хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдалтай биечлэн танилцсан тухай тайлан, илэрсэн зөрчлүүдийг арилгуулах чиглэлээр хийгдсэн ажлын мэдээлэлтэй танилцаж, чиглэл өгөв.
- Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 187 дугаар тогтоолын дагуу Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сул орон тоонд шүүгч шилжүүлэн томилуулах зарыг байршуулсан. Тус зарын дагуу ирүүлсэн 2 шүүгчийн хүсэлтийг хэлэлцэж, Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийг Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болов.
- Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээс ирүүлсэн төрийн алба хаасан хугацааны нэмэгдэлд өөрчлөлт оруулах хүсэлтийг хэлэлцэж шийдвэрлэлээ.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ