Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны “Твининг” төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төслийн суурин зөвлөх Кристоф Копецки тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.08.25) хүлээн авч уулзлаа. Монгол Улсын шүүхийн удирдлагын системийг шинжлэх, шүүх байгууллагуудын бүтэц зохион байгуулалтыг зураглах, зөвлөмж боловсруулах талаар талууд ярилцаж, санал солилцох зорилгын дор уулзалтыг зохион байгуулав.

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, шүүх засаглалын тогтолцоо, хууль эрх зүйн орчин, хөгжлийн бодлого төлөвлөлт, шүүхийн бүтэц, зохион байгуулалт, төсөв, шүүгчийн ажлын ачаалал, шүүх байгуулах шалгуур үзүүлэлт, шүүхийн цахимжилтын талаар танилцуулж, мэдээлэл өглөө.

Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны “Твининг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецки төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсэгт бид Монгол Улсын шүүхийн тогтолцоог судалж, дүн шинжилгээ хийж, үнэлэлт дүгнэлт өгч, зураглал гаргах болно. Энэ чиглэлийн хүрээнд тодорхой мэдээлэл өгч, нийслэл болон орон нутгийн шүүхийн үйл ажиллагаатай танилцах боломжийг олгож буй Шүүхийн ерөнхий зөвлөлд талархаж байгаагаа илэрхийлэв.

 

 

Твининг төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, шүүгч Йенс Расс, доктор Тобиас Оэлснер шүүх байгууллага болон шүүгч нарын статистик мэдээлэл, ажлын ачаалал, цалин хангамж, хэрэг шийдвэрлэх хугацаа, шүүхийн захиргааны ажилтнуудын сонгон шалгаруулалт зэрэг асуудлыг тодруулж, хариулт авлаа. Мөн төслийн хүрээнд шаардлагатай статистик мэдээллээр хангаж ажиллахыг хүсэв. 

 

 

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс төслийг амжилттай хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, төлөөлөгчдийг мэдээллээр хангаж, бүх талаар дэмжин ажиллахаа зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг илэрхийлж, төслийн үйл ажиллагаанд амжилт хүслээ. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг, С.Энхбаатар, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа, ахлах мэргэжилтэн Ө.Уртнасан, Твининг төслийн 2 дугаар бүрэлдэхүүн хэсгийн ахлагч, шүүгч Йенс Расс, доктор Тобиас Оэлснер, Суурин зөвлөхийн туслах С.Одончимэг, орчуулагч Б.Батжаргал оролцов.

 

 

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР