Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Германы Олон улсын эрх зүйн хамтын ажиллагааны сангийн “Твининг” төслийн суурин зөвлөх Кристоф Копецкийг өнөөдөр (2025.08.21) хүлээн авч уулзав. “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” хосолмол түншлэлийн Твининг төслийн 3 дугаар бүрэлдэхүүн хэсэгт орсон эвлэрүүлэн зуучлалын чиглэлээр талууд төлөвлөж буй ажлаа ярилцаж, хамтын ажиллагааг нарийвчлан тогтох зорилгын дор уулзалтыг зохион байгууллаа.
Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн чиг үүрэг, үйл ажиллагааг танилцуулж, эвлэрүүлэн зуучлал нь иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхэд шүүхийн ачааллыг 15 хувиар бууруулж байгааг онцлон тэмдэглэв. Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйлчилгээг иргэдийн хүсэлтээр үзүүлдэг бөгөөд цаашид бусад салбарт ажиллаж байгаа эвлэрүүлэн зуучлагч нарын үйл ажиллагааг хууль эрх зүйн хүрээнд зохицуулах, төслийн хүрээнд сургагч багш нарыг бэлтгэх, сургалтын чанарыг сайжруулах, бизнесийн болон арилжааны маргааныг шийдвэрлэх чиглэлээр сургалт зохион байгуулах шаардлага байгаа талаар дурдав.
“Твининг” төслийн суурин зөвлөх Кристоф Копеци Хоёр улсын шүүх эрх мэдлийн байгууллагууд эвлэрүүлэн зуучлалын сургалтын чанар, багш нарын ур чадварыг дээшлүүлэх, сургагч багш нарыг бэлдэх, бодлогын шинэтгэл хийх чиглэлээр хамтран ажиллах нь илүү үр дүнтэй, хэрэгцээ шаардлагатай байгааг хүлээн авч, хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаа онцлон тэмдэглэлээ. Талууд Твининг төслийн 3-р бүрэлдэхүүн хэсэгт туссан эвлэрүүлэн зуучлалын бодлого, үйл ажиллагааны талаар харилцан санал солилцож, хэрэгжүүлэх ажлуудыг хэлэлцэж тогтов.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Р.Онончимэг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Т.Болормаа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, референт Б.Сугармаа, Н.Гэрэлтуяа, Твининг төслийн 3-р бүрэлдэхүүн хэсгийн ахлах Эвелин Хеннинг, төслийн суурин зөвлөхийн орчуулагч Б.Батжаргал, туслах С.Одончимэг нарын албаны төлөөлөл оролцов.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ