Шүүхийн иргэдийн төлөөлөгчдийн оролцоог идэвхжүүлж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх зорилгоор (2025.06.27) өнөөдөр “Шүүхийн иргэдийн төлөөлөгч-Таны оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийг Шүүхийн Ерөнхий зөвлөлийн ажлын алба Баянгол, Хан-Уул, Сонгино хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн тамгын газар хамтран зохион байгууллаа.  

    Хэлэлцүүлэгт Нийслэл болон дүүргүүдийн Захиргааны, Иргэний, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн болон орон нутгийн шүүхийн Тамгын газрууд, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо, шүүхийн цахим системийг хөгжүүлэгч “Ай Си Ти” компани зэрэг нийт 15 байгууллагын 80 гаруй төлөөлөгч оролцов.

 

 

 

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Б.Ундрах хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ Монгол Улсын Үндсэн хуульд заасны дагуу төрийн үйл ажиллагаанд шударга ёсыг тогтоох, шүүн таслах ажиллагаанд оролцож, хяналт тавих үүрэг хүлээсэн шүүхийн иргэдийн төлөөлөгч нь холбогдох хууль, журмыг судлан, зохион байгуулж буй сургалтуудад идэвхтэй оролцож, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй ханган ажиллах ёстойг онцлон тэмдэглэв. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуульд иргэдийн төлөөлөгчийн санал дүгнэлтийг шийдвэрт харгалзан үзэх шинэ зохицуулалт орсон нь Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо, хариуцлагыг өндөржүүлж буй явдал бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл иргэдийн төлөөлөгчдийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мэдлэгийг дээшлүүлж, шүүхийн шийдвэрт тусгагдах санал, дүгнэлтийн үр нөлөөг нэмэгдүүлэх чиглэлээр үе шаттай ажлууд хийж байгаа талаар мэдээлэл өглөө.

 

 

    Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав “Иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гүйцэтгэх үүрэг”, Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн шүүгч, Хууль зүйн доктор Н.Одонтуул “Шүүхийн иргэдийн төлөөлөгч санал, дүгнэлт гаргах эрх зүйн зохицуулалт, анхаарах асуудал”, Шүүгчийн хараат бус, Шүүхийн аюулгүй байдлыг хангах газрын нөлөөллийн мэдүүлэг хариуцсан ахлах шинжээч Ц.Гүнзаяабаяр “Шүүхийн иргэдийн төлөөлөгч нөлөөллийн мэдүүлэг хөтлөх тухай”, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Хэргийн хөдөлгөөн, удирдлагын хэлтсийн дарга П.Эрдэнэцэцэг “Эрүү, Иргэн, Захиргааны хэрэгт шүүхийн иргэдийн төлөөлөгчийн нэрсийн жагсаалтыг бүрдүүлэхэд төрийн байгууллагын хамтын ажиллагаа, эрх зүйн зохицуулалт”, Шүүхийн иргэдийн төлөөлөгч Д.Тогтохсүрэн “Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллахын ач холбогдол” сэдвээр тус тус илтгэл тавьж, хэлэлцүүлэв.

 

 

 

 

 

   Хэлэлцүүлэгт оролцогчид шүүхийн иргэдийн төлөөлөгч нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажил олгогч шүүх хуралдаанд оролцох нөхцөлийг нь бүрдүүлж, цалинтай чөлөө олгох, иргэдийн төлөөлөгчдийн мэдлэг чадварыг дээшлүүлэх сургалт сурталчилгааг давтамжтай явуулах зэрэг асуудлуудаар санал хэлэв.

 

 

 

 

 

                                                 ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ГАЗАР                                                         

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ