Хүүхэд, гэр бүлийн шүүхийг байгуулах бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр /2025.06.25/-ны өдөр “Дагнасан шүүхийн тогтолцоо: хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” сэдэвт Олон Улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Хуралд Монгол, Австрали, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Турк Улс, Нидарланд, Холбооны Бүгд Найрамдах Герман зэрэг нийт 7 улсын хуульч, шүүгч, эрдэмтэн судлаачид оролцож байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Гэр бүл ба хамтын амьдрал, үрчлэлт, гэрлэлт цуцлалт, эх нялхас болон хүүхдийн ашиг сонирхол, асран хамгаалалт, гэр бүлийн дундын эд хөрөнгийн тулгамдсан асуудлуудын хууль, эрх зүйн орчны талаар харилцан туршлага солилцох хэлэлцүүлгүүдийг хийсэн юм. Тодруулбал Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхийг нийслэл хотод хэрхэн байгуулах, орон нутгийн шүүхийн үйл ажиллагааг ямар байдлаар өөрчлөх вэ? гэдгийг тодорхойлж, эрх зүйн орчныг боловсронгуй болгох бодит шаардлагууд тулгарч байгаа юм.
Гэр бүл, хүүхдийн эрх ашгийг хамгаалах процессыг улам бүр боловсронгуй болгохоор шүүхийн салбарынхан ажиллаж байна. Дагнасан шүүх байгуулах хэрэгцээ шаардлага, бодит нөхцөл, хууль эрх зүйн орчны талаар Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн гишүүн А.Отгонцэцэг хэлэхдээ: Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх байгуулахаар хуульчилсан хэдий ч шүүх байгууллагууд байр болон боловсон хүчний нөөц чадавхиа бэхжүүлж мэргэшүүлэх, мэргэжлийн сэтгэл зүйчид, мэргэжилтнүүдийн багийг бүрдүүлэх, нийслэлийн дүүргүүд, орон нутгийн анхан шатны шүүхүүдийг өөрчлөн зохион байгуулах гэхчлэн дэд бүтцээ бэлдэх ажлуудыг зохион байгуулах ёстой. Мөн Монгол Улс “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх”-тэй болсноор хууль эрх зүйн онцгой хамгаалалт шаардсан хүүхдийг тусгайлан хамгаалах үндэсний тогтолцоо бүрдэж, шүүх байгууллага, шүүгч нарын үйл ажиллагаа дагнан мэргэшиж, дээшлэх ач холбогдолтойн дээр хүүхдийн зөрчигдсөн эрхийг тусгайлан хамгаалсан шүүхийн тогтолцоо бий болж, ердийн харьяаллын буюу эрүү, иргэний хэргийн шүүхээр гэр бүл, хүүхэд хохирсон хэргийг шийддэг байдал засагдаж сайжирна.
Шүүхийн Ерөнхий Зөвлөл болон шүүхийн байгууллагууд гэр бүл, хүүхэдтэй холбоотой хэргийг хянан шийдвэрлэх процессын хуулийг боловсруулж батлуулах, мэргэшсэн боловсон хүчнийг бэлтгэж сургах, шүүхийн байрны хүрэлцээ хангамжийг шийдэж, хүүхдийн хэрэгцээнд тохирсон гэр бүлийн орчинд байгаа мэт сэтгэгдэл төрүүлэхүйц, дарамт төрүүлэхээргүй уур амьсгал, орчныг бүрдүүлэх зэрэг ажилд төвлөрч, бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүх” 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлэх юм.
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ