Бүгд Найрамдах Турк улсын Хууль зүйн дэд сайд, Шүүхийн академийн Ерөнхийлөгч тэргүүтэй төлөөлөгчдийг хоёр улсын Шүүх эрх мэдлийн байгууллагын стратегийн түншлэлийн хүрээнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, зөвлөлийн гишүүд өнөөдөр (2025.06.24) хүлээн авч уулзлаа.
Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Н.Баасанжав, Д.Зүмбэрэллхам, А.Насандэлгэр, Р.Онончимэг, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат, Турк улсын Шүүхийн академийн Ерөнхийлөгч Бекир Алтун, Турк улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Башак Гэнч Юксэл, Туркийн Дээд шүүхийн Иргэний хэргийн 2-р танхимын шүүгч, Гэр бүлийн эрх зүйн үнэлгээний зөвлөлийн дарга Севиль Картал, Истанбулын Анатолийн дахь шүүх комиссын Ерөнхий шүүгч Ахмет Кая, Шүүхийн академийн Гадаад харилцааны хэлтсийн дарга Хасан Кадир Йылмазтекин зэрэг албаны хүмүүс оролцов.
Монгол Улсын Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого, Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, үйл ажиллагааны чиглэлээр Зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг мэдээлэл өгч, Бүгд Найрамдах Турк улсад 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан "Хамтын ажиллагааны санамж бичиг"-ийн хүрээнд харилцаагаа олон талаар бэхжүүлж ажиллах хүсэлтээ илэрхийллээ.
Уулзалтын хүрээнд иргэн төвтэй шүүхийн тогтолцоог боловсронгуй болгох, харилцан туршлага солилцох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүхийн үйл ажиллагааг бүрэн цахимжуулах асуудлаар санал солилцов.
ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР
МЭДЭЭЛЛИЙН ТӨВ