Европын холбооны санхүүжилттэй, Ижилсэх түншлэл (Twinning) хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад анх удаа хэрэгжиж буй “Монгол Улсын шүүх эрх мэдлийн шинэтгэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх нь” төсөл албан ёсоор эхэллээ.

 

 

  Тус төслийн хүрээнд анхны богино хугацааны зөвлөхүүд Монгол Улсад ажиллаж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Мөнгөнцэцэг, гишүүн Н.Баасанжав, Б.Ундрах, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Б.Эрдэнэтулга, Гадаад харилцаа, Хамтын ажиллагааны газрын дарга Д.Мөнхбат болон ажлын албаны албан хаагчдын төлөөлөл төслийн суурин зөвлөх Кристоф Копецки, ХБНГУ-ын шүүгч Элизабет Хартунг, Кристиан Хаппе нарыг хүлээн авч уулзлаа.

 

 

   Уулзалтын үеэр шүүгчийн сонгон шалгаруулалтын тогтолцоо, сургалтын агуулга, зохион байгуулалт, шаардлага, сайжруулалтын чиглэлээр хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажлуудын талаар санал солилцов. Мөн шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилт, шүүхийн удирдлага, менежментийн үр нөлөөг нэмэгдүүлэх, шүүхийн захиргааны үйл ажиллагааг стандартчлах, хүний нөөцийн тогтолцоог сайжруулах зэрэг асуудлыг хөндөн ярилцав.

   Төслөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн чиг үүргийн хүрээнд шүүхийн захиргааны үйл ажиллагааг сайжруулах, олон улсын туршлага, зөвлөмжийг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.

 

ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГАЗАР

МЭДЭЭЛЛИЙН ТӨВ